Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн долоо хоногоос эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн юм. Ийнхүү нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр гарсан үр дүнг ТЦА-аас танилцууллаа.
Үүнд:
- Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 1.8 км/ц буюу 14.1 хувиар өссөн
Үйлчилгээнд гарсан нийтийн тээврийн хэрэгслийн тоо 12 нэгж буюу 1.2 хувиар өссөн - Нийтийн тээврийн хэрэгслийн рейсийн тоо 8.2 хувиар өссөн
- Үйлчлүүлсэн иргэдийн тоо 110,736 нэгж буюу 6.3 хувиар өссөн
- Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил бүртгэх хяналтын камераар илрүүлсэн зөрчил 7216 нэгж буюу 58.2 хувиар буурсан
- Нийтийн тээврийн хэрэгслийг хүлээх иргэдийн хүлээлтийн хугацаа 32% хувиар буурсан
- Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлдэг, хөдөлгөөнд саад болж зогсдог суудлын болон түгээлтийн тээврийн хэрэгслийн зөрчил буурсан
- Иргэдээс авсан санал асуулгаар нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажил нь үр дүнтэй арга хэмжээ болж байна 35%, зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлагыг нэмэх 11%, нийтийн тээврийн хэрэгслийн богинын рэйсийг нэмэгдүүлэх санал 5%-г тус тус эзэлж байна гэх зэрэг эерэг үр дүн гарсан байна гэлээ.
Иймд жолооч нарыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг ТЦА-наас уриаллаа.