ДЭМБ-ын 2021 оны тайланд дурдсанаар дэлхий нийтэд агаарын бохирдлоос үүдэлтэйгээр жил бүр 7 сая хүн нас барж байгаа бөгөөд ихэнх хувь нь бага дунд орлоготой улс орны ард, иргэд байна. НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засгийн нийгмийн комиссийн Байнгын төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй тусгай арга хэмжээнд оролцож Ази, Номхон далайн бүсийн агаарын чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь сэдвээр панелистаар оролцож байна.
Агаарын бохирдолтой тэмцэх Ази, Номхон далайн түншлэлийн өндөр хэмжээний уулзалтыг 2023 онд Монгол Улсад зохион байгуулж, агаарын бохирдолтой тэмцэх гарц шийдэл, сайн туршлагыг солилцож, шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болсондоо туйлын баяртай байна. Хүний хүчин зүйлийн нөлөө, бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ, үйлдвэрлэлээс үүдэлтэй агаар, орчны бохирдол, доройтол нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна.
Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү хувь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд 70 хувьд хүрнэ гэсэн судалгааг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан байна. Хэдийгээр хүн амын өсөлт нь ирээдүйд шинэ боломжуудыг нээж байгаа хэдий ч эмзэг болсон хүрээлэн буй орчинд илүү их дарамт үзүүлж байна. Дэлхийн хэмжээнд хот суурин газар амьдарч буй хүн амын 80 орчим хувь нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоосон зөвлөмжөөс хэтэрсэн агаар, орчны бохирдолтой орчинд амьдарч байгаагаас ард, иргэд гол хохирогч нь болсоор байгааг ДЭМБ-аас 2021 онд онцлон тэмдэглэсэн байна.
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл хотод үүсээд байгаа байгаль орчин, нийгмийн хөгжлийн олон тулгамдсан асуудал, сорилтуудыг даван гарахын тулд Монгол Улсын Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2019 оноос түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнээс халах, усан халаалтын зуухыг байгальд ээлтэй, дэвшилтэт технологид шилжүүлэх, айл өрхийн шөнийн хэрэглээний цахилгааныг хөнгөлөх, иргэдэд ногоон зээл олгох зэрэг томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь тоосонцорын хэмжээ түүхий нүүрс хэрэглэж байсан үетэй харьцуулахад 50 хүртэлх хувиар буурч, агаарын чанарын индексийн үзүүлэлт “Маш их бохирдолтой”-оос “Бага бохирдолтой” үзүүлэлтэд шилжсэн сайн үзүүлэлт байгаа хэдий ч агаарын чанар стандартын шаардлага хангаагүй хэвээр байсаар байна.
Манай улсын хэмжээнд агаарын чанарыг хянах 42 суурин станц ажиллаж хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, РМ 10 тоосонцорын агууламжийг тодорхойлж агаарын чанарын хяналт шинжилгээг тогтмол хийж байна.
Бүс нутгийн улс үндэстний эдийн засгийн хурдацтай өсөлт, хотжилт, үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад шинжлэх ухаанд суурилсан бүс нутгийн онцлогт тохирсон бодлого, үйл ажиллагааг дэмжиж, агаарын чанарыг сайжруулах менежментийг боловсронгуй болгох, агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлсэн олон улсын сайн туршлага мэдлэгийг харилцан хуваалцах нь үр дүнтэй юм. Агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр нь манай бүс нутгийн хэмжээнд агаарын чанарыг сайжруулахын тулд илүү бат бэх түншлэл, илүү уялдаатай арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхэц болно гэдэгт найдаж байна.
Иймд 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод уулзацгааж, агаарын бохирдолтой тэмцэх мэдлэг, туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллацгаая.