Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Цагааннуур чөлөөт бүс ирэн оны эхнээс аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд үүд хаалгаа нээн байнгын горимд шилжин ажиллахаар боллоо – updown.mn

Цагааннуур чөлөөт бүс ирэн оны эхнээс аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд үүд хаалгаа нээн байнгын горимд шилжин ажиллахаар боллоо

Олон жил үйл ажиллагаа нь эхлээгүй байсан Цагааннуур чөлөөт бүс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд үүд хаалгаа нээн байнгын горимд шилжин ажиллахаар боллоо.

Хуучин тогтолцооны үед Цагааннуур тосгонд үйл ажиллагаа явуулж байсан Баруун 5 аймгийг ЗХУ-ын импортын бүх төрлийн бараагаар хангаж тэдгээр аймгаас бэлтгэх мал болон малын гаралтай түүхий эдийг гадаадад экспортлох үүрэг бүхий дамжлага баазын суурин дээр Цагааннуур чөлөөт бүсийг 2005 онд анх байгуулж байсан түүхтэй билээ. Тус чөлөөт бүсийг байгуулах зорилго нь бүсэд үзүүлэх хөнгөлөлтүүдэд тулгуурлан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оруулж олон улсын худалдаа, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлэн ажилгүйдэл, ядуурлыг багасгаж улс орны хөгжилд тодорхой түлхэц үзүүлэх явдал байсан юм.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталсан Чөлөөт бүсийн тухай, 2003 онд баталсан Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн Эрхзүйн байдлын тухай хуулиудад тулгуурлан “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг байгуулах тухай Засгийн газрын 134 дүгээр тогтоол 2005 оны 6-р сарын 15-ны өдөр гарч улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2007 оны 4-р сарын 09-ны өдрийн 30 дугаар захирамжаар О.Нигамет чөлөөт бүсийн анхны Захирагчаар томилогдсон билээ.

О.Нигамет нь бүсийн харуулын 5 шалган нэвтрүүлэх байр, 15.6 км-ын урттай хамгаалалтын хашааг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулж бүсийн бүх талбайг харуул, хамгаалалттай болгон 2008 оноос эхлэн онц чухал объектод хамруулжээ. Мөн, 2008 онд Цагааннуур тосгон дахь Баруун бүсийн эрчим хүчний сүлжээний 35 кВт-ын дэд станцаас бүсийн хашаанд 10 кВт-ын ЦДШ татуулж эрчим хүчний сүлжээнд холбуулах үйл хэргүүдэд оруулсан хувь нэмрийг дурьдахгүйгээр өнгөрч болохгүй юм.

Улмаар, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдын 2014 оны 10-р сарын 03-ны өдрийн 75 дугаар тушаалаар Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчаар С.Асылхан томилогдов. Тэрээр чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг Баян-Өлгий аймагт шилжүүлэн ажиллуулснаар бүсийн дэд бүтцийг хөгжүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж бүсийн үйл ажиллагааг хэсэгчлэн эхлүүлж цаашид өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилласан юм.

Захирагч А.Аманкелди нь 2016-2022 онуудад ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын 2019 оны ‘’Гаалийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 47 дугаар тогтоолын дагуу Гаалийн ерөнхий газрын шуурхай удирдлагын системтэй 24 цаг шууд холбогдох теле хяналтын “Женетикс” системийг 2020 онд нэвтрүүлснээр камержуулалт бүрэн хийгдэв.

Захирагч Б.Нурбек нь 2022 онд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд энэхүү бага хугацаанд “Цагааннуур чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд оруулах тухай” тогтоолын төслийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Засгийн газрын нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулав. Үүнээс гадна, Барилга, хот байгуулалтын яамнаас “Инженер геодези” ХХК-тай байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/238 тоот “Цагааннуур чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээнд заасны дагуу Барилгын хөгжлийн төв ТӨҮГазартай хамтран тогтмол хяналт тавьж, инженерийн дэд бүтцийн нарийвчилсан зураг, төсөл хийгдэхээр ажиллаж байна. Мөн мэргэжлийн албан хаагчдын байрыг засварлах төсвийг Эдийн засаг хөгжлийн сайдын багцаас шийдүүлэн ажиллаж байна.

Цагааннуур чөлөөт бүсийг үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь гардан оролцож хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн үе үеийн Захирагч нарт талархал дэвшүүлж байна.

Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн хамгийн том бүтээн байгуулалт болох Цагааннуур чөлөөт бүсийг дайран өнгөрч буй босоо тэнхлэгийн, олон улсын АH-4 авто зам нь урагшаа Ховд аймгийн Булган сумын Ярант боомт, хойшоо Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтын чиглэлд тавигдаад байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн уг зам нь 2022 оны 10 дугаар сард ашиглалтад оров.

АН-4 авто зам нь Ази, Европыг холбосон хамгийн дөт зам бөгөөд уг замыг түшиглэн Цагааннуур чөлөөт бүсэд хил гаалийн шалган нэвтрүүлэх цогцолбор, тээвэр-логистикийн байгууламжийг барьж олон улсын дамжин өнгөрөх /транзит/ худалдаа, улс хоорондын тээвэр зуучийн үйлчилгээг эхлүүлэх бүрэн боломжтой болох юм.

Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулж 1 га талбайг засч тохижуулсан байгаа тул сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд Цагааннуур чөлөөт бүсэд бүртгүүлж бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхийг урьж байна.

Эх сурвалж: Цагааннуур чөлөөт бүс

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн