Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дараах мэдээллийг өглөө.
Ж.Сүхбаатар:
-Ажлаа авсан хоёр сарын хугацаанд хэд хэдэн чиглэлээр ажиллалаа. Нэгдүгээрт, түгжрэлийн дунд, урт хугацаанд цаашдаа яаж бодлогоо явуулах вэ гэх мэт. Түгжрэлийг дунд хугацаанд шийдэж болох байсан бол Монгол Улсын Ерөнхий сайд тусад нь тусгай үүргийн сайд гаргахгүй байсан. Тэгэхээр түгжрэлийн эсрэг Засгийн газар бүтцээрээ ажиллаж байна. Улаанбаатар хотод нийт өрхийн 55 хувь нь хувийнхаа машинаар явж байна. Өдөр тутам 420-430 мянган машин давхардсан тоогоор явж байна. Тэгэхээр иргэд нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй. Мөн нийтийн тээвэр маш чухал.
Зам тээврийн хөдөлгөөнд танхайрал ноёрхож байна. Даатгалаа төлдөггүй, оношлогоонд ордоггүй, торгуулиа төлдөггүй хэт хавтгайрсан байдал замын хөдөлгөөний түгжрэлд нөлөөлж байна. Жишээлбэл, осол аваар гарахад иргэн О, Б-гийн асуудал бүтэн цаг зам хааж байна. Мөн дарга нарын цуваа зэрэг олон асуудалд түгжрэлд нөлөөлж байна. Сая 0 зогсолтоор би замд 3 цаг түгжирсэн. Ямар нэгэн арга хэмжээ аваач ээ гэж иргэд шүүмжилж байна. Богино хугацаанд шийдэх боломж байсан бол надаас өмнө энэ зохицуулалтыг хийчихнэ шүү дээ. Тэгэхээр ирэх жилүүдэд сонголттой тээврийн гэдэг юм уу, амьсгаа авдаг коридорууд байх уу гэдэг асуудал тулгараад байна. Тиймээс л нийтийн тээврийг хөгжүүлье гэж яриад байна.
Бид өнгөрсөн хугацаанд дугаарын хязгаарлалт хийж ирсэн. Үүнээс өөрийг бодож олоогүй. Богино хугацаанд зам дээр байгаа машины тоо хэт олон болчихоод байгааг цөөлөх шаардлага үүсээд байна. Дугаарын хязгаарлалтыг арай сайжруулсан хэлбэрээр хийх боломж байна. Мөн замын хөдөлгөөний ноцтой зөрчил гаргаж байгаа машинуудыг хязгаарлах. Тодруулбал, захиргааны албадлагын арга хэмжээ авах.
Өнөөдрийн байдлаар торгуулаад байгаа машины торгуулийг нь төлүүлдэг механизм байхгүй. Уг нь тусдаа асуудал хэрнээ торгуулийг яаж төлүүлэх вэ гэдэг асуудлыг хүртэл хөөцөлдөж байна. Тусдаа цагдаа, ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудал. Зам дээр явж байгаа машинуудыг камераар бичээд хянаад торгоод байгаа боловч уулзвар болгон дээр хянаж, зогсоох, бүртгэх боломж байхгүй байсан. Одоо бүрдэж байна. Хотын даргын сүүлийн хоёр жил ажилласан үр дүн дээр машинууд дээр уншигч суулгаад ирэхээр хэрэгжих боломжтой. Энэ танхайралтай ингэж тэмцэх, цөөлөх буюу захиргааны албадлага хэрэглэх нөхцөл нэг талдаа үүсэж байна.
Бас нэг нь төрийн байгууллагууд, ААН-үүд өөрсдөө санаачилгатай ажиллах асуудал. Хөдөлмөрийн хуулийн хүрээнд хүүхдээ хүргэж өгдөг ажилтнууддаа цагийн уян хатан системийг ашиглах бололцоо байгаа. Зарим нь төрийн байгууллагууд зогсоол болон машинтайгаа холбоотой асуудалд өөрсдөө зохицуулалт хийх шаардлагатай. Би энэ асуудалд өөрийн эрх үүргийн хүрээнд зөвлөмж гаргана. Энэ зөвлөмжөө гаргаад ААН, төрийн байгууллагууд руу гаргана гэж бодож байна. Ийм сайн дураараа хэдүүлээ өөрчлөлт оруулбал ахиц гардгийг бид харсан.