Олны тухай өргөн мэдлэг чухал уу? ор ганц чиглэлээр гүнзгий мэдлэг чухал уу?
Шинжлэх ухааны олон салбарын их мэдээлэлтэй, маш өргөн мэдлэгтэй хүн гэж байна. Шинжлэх ухааны аль нэгэн салбарын маш гүнзгий мэдлэгтэй, бусад салбарын мэдлэг, мэдээллээр тун сул хүн бас байна.
Олон салбарын их мэдээлэлтэй, маш өргөн мэдлэгтэй, дээрээс нь яг өөрийн ажилладаг сэдэв, чиглэлээр маш гүнзгий мэдлэгтэй, тухайн чиглэлээрх судалгаа, шинжилгээ, туршилтын хамгийн орчин үеийн нээлт, ололтыг эзэмшсэн, цааш нь юуг, яах тухай эргэцүүлэн бодож суугаа хүн гэж мөн байна.
Өргөн мэдлэг, их мэдээлэл ч хэрэгтэй, гүнзгий мэдлэг, маш нарийн, ховор мэдээлэл ч хэрэгтэй, энэ хоёрын хослол, нийлбэр ч хэрэгтэй нь тодорхой. Гэхдээ ийм хэмжээ, түвшинд хүрч боловсрох боломж, нөхцөл тун цөөхөн хүнд олддог. Энэ байдал улам л өргөжихнээ.
Олон чиглэлээр их, дээд боловролтой болох, онцолж нэгэн салбараар гүнзгийрэн маш нарийн мэргэших нь орчин үед ихээхэн цаг, их мөнгө төлбөр, амьдралын олон зүйлийн золиослолт, хувь хүний нөр их хичээл, зүтгэлтэй холбоотой. Ийм хэмжээ, түвшинд хүртлээ боловсроход, мэргэшихэд наад зах нь 4-5 их, дээд сургуулийн хөтөлбөрөөр шууд болон эчнээ суралцах, сонгож авсан салбар, чиглэлээрээ 10 орчим жил судалгаа хийх, ядаж л 10 орчим судалгааны чансаатай өгүүлэл, 2-оос их монографи бичиж хэвлүүлсэн, санал, шүүмж ч хангалттай авсан, сонссон байх шаардлагатай. Эрдэм шинжилгээний ахлах, тэргүүлэх ажилтны зиндааг ч олсон байх ёстой. Ийм хэмжээ, түвшний судлаачдын тоо цөөрсөөр л байна.
Дэлхийн ихэнх оронд, тэр дундаас бүр ихэнх хөгжилтэй оронд (АНУ, Англи, Герман, Итали, Австри г.м) эрдэм шинжилгээний ажилтан хүн, их дээд сургуулийн багш нар, төрийн албан хаагчид нь шинжлэх ухааны олон салбарын өргөн мэдлэгтэй, их мэдээлэлтэй болох, байх боломж бараг л байдаггүй.
Дээрх орнуудад залуус их, дээд сургууль төгсөөд л хаа нэг газар ажилд ороод зөвхөн тэр чиглэлээрээ л ахих, цаашлахаас өөр аргагүй болдог. Учир нь тэд байр, машин, эдлэл хэрэглэл зэргээ зээлээр аваад зээл, зээлийн хүүгийн дарамтанд орж анх ажилд орсон газраа, эрхэлж байгаа ажлаа л 20-30 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй эрхлэхээс өөр замгүй болдог ажээ. Ингээд л цааш нь олон чиглэлээр суралцах, өргөн мэдлэг, их мэдээлэлтэй байх цаг, наргүй болдог байна. Чухам иймийн учир түүхийн мэдлэгтэй физикч гэж үгүй, физикийн мэдлэгтэй түүхч гэж үгүй, геологи-газарзүйн мэдлэгтэй математикч гэж үгүй, математикийн мэдлэгтэй биологич, газарзүйч гэж үгүй болчихдог юм байна. Английн, Америкийн дэлхийд нэр зартай их сургуулийн багш, судлаач хүмүүс надад энэ байдлыг хэлсэн юм шүү. Тэдгээр оронд “тухай тухайн чиглэлээр маш нарийн мэргэжилтнүүд, судлаачид бол олон бий. Харин олон салбар шинжлэх ухааны их мэдээлэл, өргөн мэдлэгтэй судлаач, багш бол бараг л байхгүй дээ” гэж тэд хэлж билээ. Суралцах, өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй болох, олон шинжлэх ухааны уулзвар, зааг дээр асуудлыг үзэх, шинжлэх чадвартай болох үйл ажиллагааг төлбөртөй, бүр өндөр төлбөртэй болгох нь судлаачдыг, бүр багш нарыг “худгийн мэлхийний” байдалд оруулчихдаг ажээ. Иргэдийн боловсрох, гэгээрэх, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй болох зорилгыг төрөөс дэмжиж, тэтгэж, урамшуулж байхын ач холбогдол үнэхээр их юм. Бүх судлаачид, эрдэмтэд “худгийн мэлхий” мэт явцууралд орчихвол танин мэдэхүйн мухардал хаа сайгүй л үүсэх, газар авах болно.
Аль ч салбарын судлаач хүн зөвхөн нэг салбар, нэг сэдвийн дагуу л явцууралд автах аваас дорхноо л мухардалд ордог нь амьдралаар нотлогдсон үнэн юм.
Дэлхийн хүн амын үнэмлэхүй олонхи нь зөвхөн л мөнгө олох, идэх, уух, авах завшихын хүслэнд автсанаар эдүгээ хүмүүнлэг бус, оюунлаг бус, улс түмэнч бус, амьтанлаг, араатанлаг ааш авиртны тоо өссөөр байна.
Европ тивд дэлхийн нэгдүгээр, хоёрдугаар дайны хонзогногчдын, мөн милитарист, фашист, нацист үзэлтнүүдийн шинэ үе толгойгоо өндийлгөж эхэллээ. Дээр нь нэмээд ихэрхэх, хийрхлийн цар тахал олон сая хүний аминд хүрч мэдэхээр болчихлоо.
Ийм нөхцөлд шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэлд баттай суурилсан улстөрийн, эдийн засгийн, экологийн, геополитикийн, үзэл суртал-мэдээллийн алсыг хараалсан зөв бодлого, цаг үеэ олсон зөвлөмжийн ач холбогдол нэн их юм.
Эр, эм хэн ч гэсэн өөрөө өөрийнхөө хувьд хүн, бас өрөөл бусдын хувьд ч гэсэн хүн, хүмүүнлэг энэрэнгүй үзэлтэн, үйлстэн байх ёстой. Гэтэл зөвхөн өөрсдийгөө хүн гэж өргөмжлөөд өрөөл бусад ард түмнийг хайрладаггүй, хүндэлдэггүй, бүр үзэн яддаг хүмүүс, ард түмэн буй болох төлөв ажиглагдах болов. Ийм байдал цаашид даамжирвал нэг ард түмэн бусад ард түмний хувьд дайсан, чоно болж хувирах аюултай. Хүн төрөлхтний ирээдүйг ийм аюулаас хамгаалах ёстой.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусдыг санаатай төөрөлдүүлэх, нэг ард түмнийг нөгөөгийн нь эсрэг зориудаар турхирсан худал мэдээлэл бэлдэж тараахыг олон улсын хуулиар хатуу хориглох хэрэгтэй байна. Ийм үзэгдэл газар авч мэдэхнээ!
XXI зуунд гарсан дайнуудын шинж, байдлыг судалж үлдээсэн сургамжийг нь дэлхий нийтэд сурталчлах, аль ч тивийн, аль ч улсын ард түмэн хөгжлийн түвшнээсээ үл хамааран дайныг үзэн яддаг, эсэргүүцдэг, ямар ч том зөрчлийг ганцхүү хэлэлцээрийн ширээний ард сууж шийдвэрлэдэг хатуу, хааш нь ч эс хөдөлгөх зарчимтай болмоор байна. Мэдлэг багатай, мэдээлэл багатай хүмүүсийг хуурч, мэхэлж, тархийг нь угааж дайны хэрэгт, аллага, яргаллын хэрэгт хүмүүн бус зандалчид болгон ашигламааргүй байна. Орчин үеийн дайн олон нүүртэй, олон талтай, олон бүрдэл хэсгүүдтэй болжээ. Цэрэг, зэвсгийн дайн, түрэмгийлэл нь эдийн засгийн дайн, мэдээлэл-сурталчилгааны дайн,, хими-бактериологийн дайнаар дэмжигдэх болсон нь хор хөнөөлийг олон дахин өсгөлөө.
Өөрсдөө элбэг хангалуун амьдрахын тулд өөр орны хүмүүсийг цөөлөх, устгах, энэ дэлхийг дангаараа өмчлөхийн төлөө хичээх, хүмүүн бусыг үйлдэх эрх аль ч улс, үндэстэнд байх ёсгүй билээ. Дэлхий нийтээрээ шим мандлаа (газар, ус, агаар) хамгаалах, арвич хямгач байх, экологийн хувьд аюулгүй үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх, хүн амынхаа тоонд хяналт тавих, шинжлэх ухаанчаар төлөвлөх, газар дэлхийнхээ олгож буй боломжийн хэмжээ, хүрээнд л бүхнийг, бүгдийг захируулах, зохицуулахын төлөө улс орон бүр хичээх, чармайх учиртай. Бусдыгаа устгаад дангаараа үлдэх гэсэн бусармаг үзэл санаа буй болж болохыг үгүйсгэх аргагүй болчихжээ. Милитаристууд, фашистууд, нацистууд иймэрхүү үзэл санаа, зорилгод автагдаж ч болох юм. Сэрэмжлэл, болгоомжлол хаана ч, хэзээ ч илүүдэж байгаагүйг дэлхийн түүх нотолдог доо…
Судлаач, профессор Д.Чулуунжав