Тавантолгойн тээврийн замд ослоор нөхөр, хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр Тээвэрчдийн гэргий нарын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Туул “Нөхөр маань 2018 онд Гашуунсухайтын авто замд уртын тээвэрт явж байгаад амь насаа алдсан. Үүнээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл хэргийг огт шийдээгүй. Тээврийн компаниуд, төрийн хяналтын шат шатны байгууллагууд нь огт хариуцлага хүлээдэггүй. Тээврийн компани нь удирдлагаа солиод, нэрээ өөрчлөөд алга болчихдог. Улмаар хэрэг шүүхийн шатандаа 3-4 жил үргэлжлэхэд тухайн компаниас манай удирдлага солигдсон учраас бид хариуцлага хүлээх боломжгүй гэж байнга хойшлуулдаг.
Хэргийг шүүх дээр авч хэлэлцэлгүй хоёр удаа, Эрүүгийн хэрэг дээрээс гурван удаа тус тус хааж хохирсон иргэдийг залхаан цээрлүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Орон нутгийн хууль хяналтын байгууллагууд нь хэргийг шууд хаах технологитой. Холбогдох яамдын албан тушаалтнууд нь нүүрснээс олох эдийн засгийн ашиг, борлуулалтаа л ярьдаг. Эрүүл мэнд, амь насаараа хохирч буй иргэдээ огт ярьдаггүй. Хүнээ боддоггүй” гэлээ.
Хохирогч н.Алтанбат “Гэр бүлийн хүн маань 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр Ганцмод-Гашуунсухайт боомтын чиглэлд явж байгаад замын хагархай нүхнээс үүдэн осолдож, амь эрсэдсэн. Зам засварыг нь хариуцдаг газар байдаг л байж таарна. Түүнчлэн жолооч нар, тээврийн компаниудаас 300,000 гаруй төгрөгийг замын татварт авдаг байсан. Гэтэл эргээд тэр их хэмжээний мөнгийг яагаад зам засвартаа зарцуулдаггүй юм бэ гэж асууя” гэв.
Хохирогч н.Чулуунбаяр “Би Өмнөговь аймгийн Гашуунсухайтын авто зам дээр 2017 онд осолд орсон. Урдаас ирж байсан хоосон машинд шахуулаад машин мөргөхгүйн тулд замын хажуу тал руу орж, машинтайгаа аваарт орсон. Тухайн үед “Говийн зам” нэртэй компани зам засварыг хариуцаж, замын нүхийг шавраар бөглөдөг байсан.
Өмнөговь аймгийн Гашуунсухайтын авто замд маш их осол болдгийг иргэд сайн мэдэх байх. Гэхдээ над шиг гарч ирээд ярьдаг нь цөөн байх. Хөгжлийн бэрхшээлтэй болох нь хүний сэтгэл зүйд маш хүнд тусдаг. Цаашдаа яаж амьдрах учраа олохгүй хүмүүс ч байдаг. Энэ асуудал замын аюулгүй байдал хангагдаагүйгээс болж үүсэж байна” хэмээн хэллээ.
“Баянзам тээвэрчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Т.Баярхүү “Эрдэнэс Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайтын хил хүртэлх 230 километр хатуу хучилттай замыг Гашуунсухайт авто зам хэмээн хэлж байгаа. Энэ замыг “Эрдэнэс Монгол” компанийн өмч буюу Энержи ресурс концессын гэрээгээр бариад улсад зарсан байдаг.
Улс замаас мөнгөө олохын тулд “Гашуунсухайт авто зам” компаниар дамжуулж тонн бүрээс 3,250 мөн 70 тонн тэвшнээс 230,000 төгрөг олдог. Тавантолгойн эргэлтээс жилд дунджаар 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг талаарх тоо баримт бий. Гашуунсухайтын авто замтай зам ашиглалтын гэрээг компаниуд байгуулж, дээрх мөнгөн дүнг төлдөг. Гэтэл энэ мөнгийг эргээд зам засвартаа зарцуулахгүй байгаагаас үүдэн ийм олон хохирогч гараад байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан 50 гаруй тэрбум төгрөгийг юунд зарцуулдаг нь тодорхой биш, зам засвартаа хөрөнгө оруулдаггүй.
Та нарын засахгүй үлдээсэн нүх чинь олон айлын амьдралыг сүйрүүлж байна. Манай холбоонд л гэхэд 26 өнчин хүүхэд бүртгэлтэй байдаг. Энэ хариуцлагагүй байдлаас болж олон хүн алтан амиа алдаж байна. Тиймээс ч зам засвартаа анхаарах хэрэгтэй байгааг хэлсээр ирсэн.
Гашуунсухайт авто замын 70-120 километрт хоёр давхар чиргүүлтэй 140 тоннтой авто машинууд газрын уруу орж ирээд зогсож чадахгүй байна. Улмаар урдаас нь ирж яваа машины жолооч амь насаа алдах эрсдэл 90 хувь байна. Өдөр болгон ийм тээвэр явж байгаа. Зам маш их эвдрэлтэй, нүхтэй байгаа учраас жолооч нар аргагүй эрхэнд нүхийг нь тойрч явж байна.
Одоогийн байдлаар Тавантолгойн уурхайд 2,000 орчим машин бүртгэлтэй. Өдөрт 650 орчим тээврийн хэрэгсэл явдгийн ихэнх нь давхар чиргүүлтэй 140 тонн ачаад улсад 5 сая доллар олох даалгавартай урагш давхиж байна. Гэтэл өмнө нь амь насаа алдах аймшгийн зам жолоочдыг хүлээж байдаг” гэдгийг хэлэв.