Экстеремст үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнд холбогдох шүүх хурал даваа гарагт /2022.11.14/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Улсын нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа учраас шүүх хурлыг хаалттай хуралдуулсан байна. Мөн шүүх хуралдааны талаарх албан ёсны мэдээлэл ч гарахгүй юм байна.
Уг хэрэгтэй холбоотой албан бус мэдээллийг ISEE.mn сайт мэдээлжээ. Уг мэдээлэлдээ “Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүгдэгч Г.Нэргүйг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэм буруутай үйлдэлд нь гурав, байлдааны галт зэвсэг хадгалсан хэрэгт хоёр жил нийт таван жилийн хорих ял оноосон байна. Мөн Г.Болдбаатарыг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн үйлдэлд нь гурав, хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт нь зургаан жил хорих ял оноож, хаалттай хорих ангид нийт есөн жил ял шийтгэжээ” гэсэн байна.
Дээрх нэр бүхий этгээдүүдийг 2022 оны 4-р сард саатуулж, ТЕГ-аас дараах тайлбарыг хийж байсан юм. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстеремст үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх этгээдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхээр багагүй хугацаанд бэлтгэж байсан. Тухайн этгээдүүдийн орон гэр, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөж байсан гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл илэрсэн.
Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрснээс Ака 47 маркийн сээр дугаарыг зориудаар арилгасан автомат буу 1 ширхэг, гар буу 1 ширхэг, ТТ-50 маркийн гар буу 1 ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг 5 ширхэг тус тус байсан.
Мөн 7.62 мм-ийн байлдааны сум 274 ширхэг, 6.4 мм-ийн сум 82 ширхэг, 223 мм-ийн сум 149 ширхэг, 5.6 мм-ийн сум 291 ширхэг, 12 мм-ийн сум 57 ширхэг, 16 мм-ийн сум 14 ширхэг буюу нийт 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан. Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн” хэмээж байсан юм.