УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Н.Ганибал нар өнөөдөр /2022.11.15/ Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллаж, салбарын хөгжил болон Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилттэй танилцлаа.
Харилцаа холбооны салбарын хамгийн ойрын зорилт бол Монгол Улсад 5G сүлжээг нэвтрүүлэх юм. Найдвартай дэд бүтцийг байгуулахаас эхлээд бэлтгэл ажлууд их байгаа. 5G сүлжээг нэвтрүүлснээр эдийн засгийн өгөөж асар ихээр нэмэгдэнэ. Жишээлбэл, АНУ-д 5G сүлжээ бүрэн нэвтэрснээр ДНБ нь 4-7 триллион ам.доллараар нэмэгдэж, 4-6 сая ажлын байр шинээр бий болох саяхны судалгаанд дурьдсан байдаг. Тиймээс энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал гэдгийг уулзалтын үеэр байнгын хорооны дарга онцоллоо.
Манай улс олон улсын үндэстэн дамнасан платформуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр байнгын хороо болон Харилцаа, холбооны зохицуулах хороо анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, “Мета” компанитай “ногоон суваг”-аар шууд харилцаж, хууль зөрчсөн контентуудыг шуурхай устгах тал дээр амжилттай хамтран ажиллаж байна.
2007 онд Монгол Улсад үүрэн холбооны хэрэглэгчийн тоо 1.2 сая байсан бол 2022 онд 4.7 сая, WiFi сүлжээ хэрэглэгчийн тоо 2009 онд 68 мянга байсан бол 2022 онд 3.7 саяд хүрсэн. Мөн 4G сүлжээнд хамрах хүн амын тоогоор дэлхийн дунджаас хамгийн өндөр байгаа гэх мэтчилэн сүүлийн жилүүдэд манай улсын харилцаа холбооны салбар асар хурдацтай хөгжиж байгаа юм.