Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх асуулгын хариуг Эрүүл мэндийн сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өнгөрсөн онд хавдрын улмаас 4251 хүн нас барсан гэдгийг онцлов.
Тэрээр “Сүүлийн 20 жилд хавдраас шалтгаалсан нас баралт тасралтгүй өссөөр өнөөдөр бид дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Жил бүр бараг 5000 шахам хүнийг хавдрын улмаас алдаж байна. 2021 онд 4251 хүнээ алджээ. Энэ нь бүтэн 1-2 сумын хүн амтай тэнцэх тоо. Энэ санаа зовох асуудал биш гэж үү. Халдварт бус өвчлөлийг үүсгээд байгаа хамгийн том хүчин зүйл нь таргалалт гэдгийг сая тайлан дээр дурдаж байна. Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг, гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь нийгмийн эрүүл мэндэд тулгарч болзошгүй хамгийн том эрсдэл болоод байна.
Манай эрүүл мэндийн тогтолцоо нь урьдчилан сэргийлэх биш, өвдсөн хойно нь эмчилдэг болчхоод байна. Үүнд улс хамаг төсвөө зарцуулж, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид хүчээ барж байна. Хэрвээ бид нийгмийн эрүүл мэндээ сайжруулах чиглэлээр шинэчлэл хийж чадвал эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнуудын ачаалал буурч, тэд арай дээр нөхцөлд ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.