Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Үүний хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатайгаар хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллахыг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болгож байсан.
Тус үүрэг чиглэлийн дагуу 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд “Өлзийт тал” ХХК-д хийсэн шалгалтаар экспортлох зорилгоор дулааны аргаар бэлтгэсэн чанарын шаардлага хангаагүй 0.8 тонн ямааны махыг илрүүлж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шилжүүлсэн. Улмаар тухайн боловсруулсан маханднянгийн хэмжээ өндөр, хүнсэнд болон дахин боловсруулж хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан юм.
Тус компани нь дотооддоо мах махан бүтээгдэхүүн нийлүүлдэггүй бөгөөд зөвхөн экспортод гаргадаг аж.
Ийнхүү “Өлзийт тал” ХХК-ийн дулааны аргаар бэлтгэсэн 0.8 тонн ямааны махыг нянгийн хэмжээ хэтэрсэн гэдэг үндэслэлээр өнөөдөр Улаанчулуутын хогийн цэг дээр нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албаныхан устгалаа.