Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Х.Нямбаатар:
-Иргэн Э.Одбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр шийдэгдсэн. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Монгол Улсын Ерөнхий сайд иргэн Э.Одбаяр нарт зорчих эрхийг нь хязгаарлах ялыг шүүхээр өгүүллээ гэдэг андуу ташаа мэдээлэл явагдаад байна.
2022 оны долоодугаар сарын 8-нд шүүхэд хоёр зүйл ангитай хэрэг шилжүүлж ирсэн. Нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 буюу худал мэдээлэл тараах, нөгөөх нь ЭХТА-ийн 23.1 буюу хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэх гэсэн хоёр зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусаад шүүхэд шилжиж ирсэн. Нэр бүхий таван иргэн байгаа.
2022 оны долоодугаар сард Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-г автомашинаар дайрч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан. Монгол Улсын Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд нь С-г санаатай дайрч мөргөөд амь насанд нь аюултай нөхцөл байдал үүссэн байхад тусламж үзүүлэлгүй зугтаасан гэдэг мэдээлэл гарсан. Энэ дагуу МАН-ын Хуулийн хэлтсээс хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан мэдээлэл гарсныг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан. Ерөнхий сайдын зүгээс болон түүний өмгөөлөгчийн зүгээс ийм гомдол гаргаагүй. Цаад үйлдэл нь их муу үр дагавартай. Хүнийг автомашинаар дайраад тэгээд амь бие нь аюултай байхад тусламж үзүүлэлгүй орхисон байхад энэ нь Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий хүн гэх мэдээллийг Demos odko гэх фэйсбүүк хаягнаас цацсан. Тиймээс МАН-аас шалгуулах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн дараа нь 461 дүгээр ангид байсан Д.Монголхүүг дээрх 5 хүн цагдан хорих байрны журам зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтны эрх чөлөөнд халдаж, цагдан хоригдох гэж байсан хүнийг авч гарсан үйлдэл гарсан. Энэ хоёр хэргийг нэгтгээд шалгаж, өчигдөр шүүх шийдсэн байна.
Үзэл бодлоо илэрхийлсэн залуусийг цагдан хорьж байна гэж андуу ташаа мэдээлэл яваад байна. Хууль сахиулах ажилтны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэлтэй холбогдуулж байгаа” гэлээ.
Иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шүүх хуралдааны шийдвэр өчигдөр гарч, Э.Одбаярт нэг жил хоёр сар, бусад дөрвөн хүнд нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оноосон билээ.