Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан :
-Манай улсад энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн.
10 дугаар сарын сорьцод хийсэн тандалтаар Омикроны шинэ дэд хувилбар BF.7 хувилбар нэг хүнд, BQ.1.2 хувилбар таван хүнд тодорхойлогдсон. Омикроны BF.7 хувилбараар 72 настай, БНХАУ-ын иргэн өвдсөн. Тэрбээр ОХУ-д ажиллаж байгаад ирсэн. Одоо зочид буудалд тусгаарлагдсан.
Харин BQ.1 хувилбарын таван тохиолдол нь бүгд манай улсын иргэнээс илэрсэн. Дундаж нас 58.2. Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн. Эдгээр иргэдийн 10 дугаар сарын 18, 19-нд өгсөн сорьцоос тодорхойлогдсон.
Шинэ хувилбарын шинж тэмдэг нь хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх халуурах. Эдгээр таван хүний хоёр нь эмнэлэгт байгаа бол бусад нь гэрийн хяналтад эмчлүүлж байна.
Иймд иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлах шаардлага үүсэж байна.