Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн жил Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ оролцсон олон улсын хурлын үеэр төрийн албан хаагчидтай холбоотой илэрхийлсэн байр суурь сүүлийн өдрүүдэд олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан.
Б.Болор-Эрдэнэ хэдхэн минутын өмнө дэд сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн өргөдлөө өгсөн талаар цахим хуудсаараа мэдэгдлээ.
Тэрбээр ” NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа. Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.
Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна!
Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.
Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ!
Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ.
Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно.
Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн та бүхэнд баярлалаа” гэжээ.
1 comment
Монголчуудыг чанга гараар чацгыг нь савиртал базаж чадсан цагт хөгжил ирэх байх, тэрнээс арчаагүй, залхуу, амиа хичээсэн, эд мөнгөний шуналтай, атаач ийм хүмүүст эрх чөлөө ихэдвэл гай л болно. Чингис хаан монголчуудыг Их засаг хуулиар буруу зүйл хийвэл амь настай нь ярина гэж айлгаж байж эзэнт гүрнийг байгуулсан байдаг.