С.УЯНГА
Монголын тагнуулын байгууллага шинэ зуунтай золгож тэр хэрээр дэлхийн геополитик тааварлашгүй боломж, сорилт авчирч буй цаг үед Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Монголын олон улс судлалын Алтан аргамж холбоо хамтран “Аюулгүй байдал судлал Монголд” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Энэ нь тагнуулын байгууллага нийтэд нээлттэй байдлаар “ажил, асуудал”-аа ярьж буй бараг анхны хэлбэр гэж хэлж болохоор. Өөрөөр хэлбэл, тусгай алба гэх хөшигний ард нуугдмал явж ирсэн аюулгүй байдал судлал, геополитикийн сорилтыг ийнхүү нээлттэй хэлэлцүүлж, тэр дунд Дилав хутагтад холбогдох баримтуудыг танилцуулсан нь олзуурхууштай, үзэгч, сонсогч олонтой байв.
Дилав хутагт бол ХХ зууны Монголын тагнуулчдын бодит төлөөлөл бөгөөд эх орныхоо гадаад аюулгүй байдлыг хангахад оруулсан хувь нэмрийг алдаршуулж, олон жил өнгөрсөн хойно сая нууцаас гаргаж байгаа нь тагнуулын байгууллага зүтгэсэн хүнээ мартдаггүй хийгээд “нэр нь далд ч, гавьяа нь мөнх” хүнд хүчин албаны онцлог гэдгийг мөн харуулж байна гэдгийг эрдэмтэн судлаачид тэмдэглэлээ. Гэхдээ хутагттай холбоотой дахиад ч олон асуулт хариулт нэхсэн хэвээр таавар болж үлдсэнийг онцлох нь зүйтэй.
А.ТҮВШИНТӨГС: ТАГНУУЛЫН СОЁЛ ТӨЛӨВШӨӨГҮЙ
Эрдэм шинжилгээний хурлыг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат нээж үг хэлсний дараа тагнуулын байгууллагын үе үеийн удирдлагууд, аюулгүй байдал судлаачид аюулаас хамгаалах байгууллагын Өнгөрсөн- Өнөөдөр-Ирээдүйг харуулсан гурван цагийн хэлхээст тулгуурлан сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал, “Өнгөрсөн ба өнөө” хэсэгт, аюулгүй байдал судлалын өнөөгийн нөхцөл байдал, манай улсын дотоод аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс болон улс гүрнүүд, бүс нутаг дахь аюулгүй байдлын эргэлт, өөрчлөлт, хувьслыг онцоллоо. Доктор /Ph.D/ профессор А.Түвшинтөгс үндэсний болон аюулгүй байдал судлалын тогтмол хэвлэлтэй болсон гэдгийг илтгэлдээ дурдаад “Монгол дахь аюулгүй байдал судлалыг авч үзвэл нэр томъёо цэгцрээгүй буюу ҮАБ-ын үзэл баримтлалд аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлж өгөх, эрхзүйн орчин бүрдүүлэх чиглэлийн судалгаа хомс, Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах, эх орноосоо урван тэрслэх зэргийг нэрлэж болно. Төрийн алба хаагчдад аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтын тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй. Олон улсад тагнуул судлал эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь тагнуулын асуудлаар эрдмийн ажил хийж докторын зэрэг хамгаалж байгаа явдал юм. Тиймээс тагнуул судлал цөөн тооны судлаачаар хязгаарлагдаж байгаа нь хангалтгүй. Иргэд нийгэмд чиглэсэн судалгаа үйл ажиллагаа хомс, жигдрээгүй. Тагнуул судлал салбар дундын шинжлэх ухаан болж хөгжөөгүй. Энгийн их сургууль төдийгүй, ҮАБ-ыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын их сургуульд ч энэ чиглэлийн сургалтын хөтөлбөр байхгүй. Тагнуулын соёл төлөвшөөгүй. “Монголын тагнуулын дэг сургууль” бүрэн бүрэлдээгүй” гэлээ. Монгол Улс дахь аюулгүй байдал судлалын хөгжил, түүний дотор тагнуул судлалын асуудлаар Монголын тагнуулын байгууллагын өнгөрсөн хийгээд өнөөгийн талаар хөндсөн нь тус байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа энэ үед онцлог болов.
ДИЛАВ ХУТАГТ БОЛ АНУ-ТАЙ ОЙРТОХЫГ ДЭМЖИГЧДИЙН НЭГ
Аюулаас хамгаалах байгууллага зүтгэсэн хүнээ орхидоггүй, мартдаггүй. Цаг нь болохоор 100 жилийн дараа ч алдаршуулдаг гэдгийг Дилав хутагтын түүх харуулдаг. Энэ хэсэгт ТЕГ-ын дарга асан, доктор /Ph.D/, профессор Р.Болд “Дилав хутагт: Монголын тусгай албаны амжилт уу, алдагдсан боломж уу” агуулгаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Эрдэмтэн, судлаачдын эмхэтгэсэн ном хэвлэлээс харахад Дилав хутагтын талаарх үнэн бодит мэдээлэл цаг хугацааны эрхээр бүдгэрсээр эцэстээ түүнийг оргодол мэтээр ойлгох болсон. Гэвч энэхүү ташаа ойлголтыг засах нь зүйтэй. Дилав хутагт бол Монголын шашин, улс төр, нийгмийн томоохон зүтгэлтэн, тагнуулч хэмээн үнэлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Энэ талаар Р.Болд Дилав хутагт бол АНУ-тай ойртохыг дэмжигчдийн нэг гэдгийг онцлоод “1915 онд Хиагтын гэрээ байгуулсны дараа ОХУ, Хятадын бодлогод сэтгэл дундуур болсон Монголын удирдагчид хаанаас өмгөөлөл эрэх вэ гэдэг гарц хайж эхэлсэн. Энэ хүрээнд ноёд, лам нар өөрсдийнхөө шугамаар өрнөдийн орнуудтай ойртох гарцыг эрэлхийлсний тэргүүн эгнээнд нь Дилав хутагт байсан. Улмаар сайн ноён Т.Намнансүрэн ноёдыг тэргүүлж АНУ-ын төлөөлөгчидтэй ихээр уулзах болсон. Монгол руу судлаачдыг ч олноор явуулж байжээ. Үүний зэрэгцээ Жалханз хутагт тэргүүтэй лам нар ч энэ бодлогыг тууштай тэмцэх болсноор тухайн үедээ ашиг сонирхол нэгдэж байв. Үүний дараахан АНУ-ыг Богд хаант засгийг ивээлдээ авахыг хүссэн анхны захидлаа гардуулсан. Энэ захидлын эхийг 1919 оны намар Дилав хутагт боловсруулсан гэдэг. Адил утга санаатай хоёр дахь захидлыг ч Дилав хутагт нар боловсруулсан байдаг. Гурав дахь захидлыг мөн л хутагт боловсруулж 2020 оны долдугаар сард Бээжин дэхь АНУ-ын түр хамгаалагчид гардуулж өгсөн байна.
1931 оны эхээр Дилав хутагтыг гадаадад гаргасан байдгаас харвал хэд хэдэн нөхцөл байдлыг хэлж болохоор. Нэгдүгээрт, Монгол Улсад дундад иргэн улсаас учрах цэргийн аюул заналхийлэл нэмэгдэж байсан. Хоёрдугаарт, Банчин богдоос нэлээн жийрхсэн.Гуравдугаарт, Япон манжуурыг эзлэх бэлтгэл хийгдэж байсан. Ийм нөхцөл байдалд түүнийг гадагш нь гаргасан. Гэхдээ асуудлууд бий. Харин ямар үүрэг даалгавартай гаргасан юм бэ гэдгийг харуулсан баримт бичиг олдоогүй. Мөн Дилав хутагт явснаасаа хойш эсэн мэнд ирлээ гэдгээ 1931 оны гуравдугаар сард мэдэгдсэн ч түүнээс хойш ирүүлсэн мэдээ архивт байхгүй. Үүнийг юу гэж үзэх вэ. Энэ талаар маршалын Нарийн бичгийн тэмдэглэл байдаг ч хангалттай нотлох баримт болдоггүй. Ингэж явсаар Монголын тусгай алба 1944 онд Дилав хутагттай холбоо барьсан. Гэхдээ үүнийг Латтиморт бичсэн захидалд дурдсан байдаг. Дилав хутагт очоод удаагүй байхдаа буюу 1933-1935 онд Гоминданы хууль тогтоох хорооны гишүүнээр сонгогдсон. Тэнд байхдаа Хятад хэл сурсан байх магадлалтай. Энэ мэт сонин тохиолдлууд бий” гэлээ.
Энэ бүхнээс харахад Дилав хутагт нь тагнуулын байгууллагатай хамтран ажиллахыг зөвшөөрч, төрийн тусгай даалгавраар гадаадад гарсан. Тэрбээр “оргодол” биш. Хэдийгээр Чан Кайшигийн засгийн газар түүнд талтай хандаж байсан ч Монголын эсрэг ажилласан гэх баримт сэлт байхгүй.Гэхдээ Тайванийн архиваас нягтлах шаардлагатай. Хутагт зөвлөлтийн нөлөө тогтож, шашныг хавчих болсонд дурамжхан байсан. Монголыг эрх чөлөөтэй болгоход АНУ-аас дэмжлэг байр сууриа баримталсаар байжээ. Монголын тусгай алба хутагттай холбоо барих ажлыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөсөн нь тодорхойгүй. Монголын тусгай алба хутагттай холбоо барьж байсан гэдгийг нотлох баримт ганц олдсон нь түүнээс 1944 онд Латтиморт бичсэн захидал. Тиймээс ийм зөрчилтэй нөхцөл байдал нь уг хүнийг ч зөрчилтэй харагдуулж буй тул судалгааг өргөжүүлэх шаардлагатай гэдгийг илтгэлдээ дурдлаа.
Аюулаас хамгаалах байгууллага өмнө нь хууль, эрх зүйн орчин боловсронгуй бус, ихэвчлэн МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн нууц тогтоол, шийдвэрээр үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө бие даасан хуультай болж эрх зүйн орчин бүрдсэн. Өмнөх тогтолцооны үед намын үзэл суртлыг хэрэгжүүлэх, нам төрийн зааварчилгаанд тулгуурлан ажиллаж байсан бол өдгөө хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь тулгуур зарчим болсныг хурлын үеэр хэлэлцлээ. Харин “Ирээдүйн сорилт” хэсэгт, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй сорилт”, “Стратегийн түншлэл ба Монгол Улсын гадаад орчны өөрчлөлт”, “Олон улсын харилцааны шинэ чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт илтгэл тавилаа. Аюулгүй байдал судлалын цаашдын чиг хандлага нь олон улс, бүс нутгийн аюулгүй байдалтай нягт холбоотой бөгөөд геостратегийн сөргөлдөөн ихсэж, тэмцлийн арга өөрчлөгдөж, олон хэмжээст орон зайд тодорхойгүй хүчин зүйлийн дунд үндэсний язгуур эрх ашгаа хамгаалах нэн ээдрээтэй сорилттой улс орнууд тулгарч байна. “Саарал бүс” хэмээх ийм нөхцөлд үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд бодитой мэдээлэлд тулгуурласан дүн шинжилгээ хийж оновчтой шийдвэр гаргах тагнуулын ажлын ач холбогдол эрс нэмэгдэж байгааг эрдэмтэн судлаачид онцоллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 217 (6949)