Бага насны хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах” тэмцээн зохион байгууллаа.
Тус тэмцээнийг ЭМЯ, НЭМГ, Налайх дүүргийн ЗДТГ, Шүд эрүү нүүрний төв, Налайхын Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.
Сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлж, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой энэхүү тэмцээнд Налайх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын найман сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, мэдлэг, чадвараа сорилоо.
Тэмцээнийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн гурван багийг шалгаруулжээ. Үүнд, 109 дүгээр сургуулийн “Үүлэн цагаан” баг тэргүүн байр, “Цахиур” баг дэд байр эзэлж, шилдгээр тодорчээ. Түүнчлэн 103 дугаар сургуулийн сурагчид гуравдугаар байр эзэлсэн байна.
Мөн тэмцээнд оролцогч хүүхдүүдээс шүдээ бүрэн гүйцэд, зөв дарааллаар угаасан болон онолын шалгалтад өндөр оноо авсан гурван шилдэг хүүхдийг шалгаруулсан хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.