Хамар бол – биеийн “тоос сорогч”
Хүний хамрын үүдэвч хэсэгт байдаг олон тооны үсэнд гаднаас орсон тоос шороо шүүгдэн цэвэрлэгддэг. Харин хамрын хөндийн доод, дунд самалдагт байх маш нягт хялгасан судсан торлог бүтэц нь их дулаан, чийглэг шингэн ялгаруулдаг бөгөөд хамрын хөндийгөөр урсах агаар үүний тусламжтайгаар бүлээсэж бас чийглэг болно. Жишээ нь: Гадаа – 12 хэм байхад хамраар амьсгалсан агаар залигуурт хүрэхэд +25 хэм болсон байдаг. Хамрын хөндийн салст бүрхэвчээс ялгардаг онцгой бүтэцтэй салслаг шингэн нь хамрын хөндийд орших сормослог эсийн тусламжтай гаднаас орж ирэх бактер вирусыг өөртөө наалдуулан, гадагшлуулдаг.
Хамар амьсгалахаас гадна үнэрлэх онцгой үүрэгтэй. Хүний биед маш бага хэмжээний цайр агуулагддаг ба энэ нь хэвийн хэмжээнээсээ багасвал үнэрлэх чадвар буурч заримдаа бүр арилдаг. Халдвар, харшил зэргийн улмаас хамрын салст нь амархан хөөж улмаар үрэвсдэг.
Хамар битүүрсэн үед хоол амтгүй санагддаг
Хамар битүүрэх (Rinit) нь хамрын үйл ажиллагааны эмгэгийн үед элбэг тохиолдох бөгөөд, нус гоожих, духны болон нүдний булан орчмоор өвдөх зэрэг шинжээр илэрнэ. Хамрын хоёр хажуу хана, гүйлсэн булчирхайн үрэвсэл, гүвдрүү хавдар зэргийн улмаас нус удаан хугацаагаар гоожсоноос хамрын ханиад, архаг ринит үүсч болдог. Цусны даралт ихсэх халуурах зэрэг нь хамар битүүрэх шалтгаан байж болно. Харшил, гэмтэл, гадны биет, цаг агаар ч нөлөөлдөг. Хамар битүүрсэн үед ямар ч сайхан хоол амтгүй мэт санагддаг.
Харшлын гаралтай хамар битүүрэх нь толгой эргэх, нүд загатнах, найтаах, ханиалгах, толгой өвдөх шинжүүдтэй хавсарч болно. Зарим эм (резерпин, эстроген, фенотиазин) хэрэглэсний дараа ч хамар битүүрэх явдал бий. Нус нь бактерын гаралтай өвчний үед идээтэй, харшлын гаралтай бол ийлдэстэй гардаг. Зарим тохиолдолд хамар ээлжлэн битүүрдэг нь хамрын таславчийн мурийлт, хамрын салстын хавагналтаас шалтгаалсан байдаг.
Хамрын таславчийн мурийлтын үед зөвхөн мэс заслаар эмчилнэ. Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал нусыг нь амаараа сорж авч болохгүй. Зарим ээж аав нар ингэдэг. Ингэж цэвэрлэхэд хүүхдийн нус амархан сугарч гардаг ч хамрын салст, мөгөөрсөн нуруунууд гэмтэж хожим том болохоороо хамар нь дандаа битүүрдэг болчихдог. Хэвтэж байгаа нялх хүүхэд гулгивал хамар руу нь ордог. Ингэж хамарт орсон сүү нустай холилдон хатаж амьсгалах замыг бөглөнө. Хүүхдийн хамар ханиад томуу тусаагүй бол юунаас болоод битүүрч байгааг ажиглаж мэдэхийг хичээ.
Өрөө тасалгаа хэт халуун, хуурай, тоосонцортой байгаагаас хамар битүүрдэг. Хүүхдийн хамар гүйцэт хөгжөөгүйгээс /өөрөөр хэлбэл хамар дотор нь үс ургаж амжаагүй байгаагаас/ элдэв тоосонцорыг шүүлгүй шууд хүлээж авдаг. Хамар нь их битүүрдэг хүүхдийн чих өвдөх магадлал өндөртэй. Өдөр болгон усанд оруулж зөв асаргаатай байгаа хүүхдийн хамар тэр бүрий битүүрээд байдаггүй.
Гамрет гэж ямар өвчин бэ?
Хамрын дайвар хөндийн үрэвсэл. Хамар дээд эрүүний, суурийн зэрэг дайвар хөндийтэй. Хамрын өвчинг удаан хугацаагаар зөв эмчлүүлэхгүй явбал дайвар хөндийн үрэвсэлд хүргэдэг. Тэгэхдээ үүнд тухайн өвчтний биеийн байдал нөлөөлдөг.Тухайлбал, дархлаа султай, харшламтгай хүмүүс дайврын хөндийн үрэвслээр өвчлөх магадлал өндөртэй. Гэхдээ хамгийн их үрэвсдэг нь дээд эрүүний хөндий. Үүнийг гамрет гэж нэрлэдэг. Тиймээс хамрын хөндийгөө сайн цэвэрлээд байвал дайвар хөндий үрэвсэхгүй. Харин үрэвссэн тохиолдолд эмчлүүлэхгүй хугацаа алдвал мах, ургацаг ургах талтай. Үүнийг сүүлд нь мэс заслын эмчилгээгээр л эмчилдэг.
Зөв амьсгалж суръя
Зөв амьсгалж сурах нь агаарын бохирдолт, утаа ихтэй үед амьсгалын замын болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Хамар нь амьсгалын эрхтэн системийн хамгийн эхний хэсэг юм. Хүн ердийн үед амьсгалаа хамраараа авч амаараа эсвэл хамраараа гаргадаг. Амьсгал авах хэлбэрээр нь амьсгалыг үндсэн 3 хэлбэрт хуваана.
Цээжний дээд хэсгийн амьсгал (эгэмийн амьсгал)
Цээжний доод хэсгийн амьсгал
Хэвлийн амьсгал
– Хэрвээ амьсгал авахдаа цээжний дээд хэсэг хөдөлж, мөр дээш өргөгдөн цээж түхийн хэвлий татагдаж байвал цээжний дээд хэсгийн амьсгал гэнэ. Ингэж амьсгалдаг хүнд амьсгал гаргах үед уушгинд агаар үлдэх ба уушгин дахь агаарын солилцоо гүйцэд сайн явагддаггүй, удаан ярихад хоолой нь амархан цуцдаг, дуулахад хүч султай, дуулах ярих үед хүзүүгээр чилдэг, хоолой хөндүүрлэдэг, дууны өнгө сонсголонтой биш,удаан ярихад сөөнгөтдөг, ханиад амархан хүрдэг, амьсгалын дээд замын өвчнөөр өвдөх эрсдэл ихтэй.
– Цээжний доод хэсгийн амьсгалын хэлбэртэй хүмүүс амьсгал авахад цээж доод, дунд хэсгээр хоёр тийш тэлж, өвчүүний доод хэсгээр урагш түвийж байдаг. Ингэж амьсгалдаг хүн цээжний дээд хэлбэрийн амьсгалыг бодвол эерэг үзүүлэлттэй.
– Цээжний доод хэсэг буюу хэвлийн амьсгал нь хамгийн тохиромжтой. Энэ хэлбэрийн амьсгалын үед амьсгал авахад хэвлий урагш түмбийж, гаргах үед хэвлий шалчийдаг. Цээж оролцохгүй амьсгалдаг хүний дуу хоолой илүү цээлхэн өнгөлөг, ярих дуулах үед цуцахгүй, амьсгалын замын өвчинд өртөх нь бага.
С.Эрдэнэцэцэг ЭНЭШТ-ийн Хагалгааны тасгийн сувилагч