Тахиа шувууг эрдэмтэд судлаад байгалиар нь биш зохиомлоор буюу хоол тэжээлээр өндөглүүлдэг үйлдвэрлэлийн аргыг нээж олсон. Хүнсний зориулалтаар гаргаж авсан өндгийг “Товарын өндөг” гэдэг.
ӨНДӨГ ЮУНААС БҮТДЭГ ВЭ?
Өндөг нь шар уураг, цагаан уураг, шохойлог хальс гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх хүний амьдралд зайлшгүй шаардагдах тэжээлийн бодисуудыг агуулагч хүнс юм.
Өндөгний химийн найрлага хальсыг эс тооцон дунджаар үзүүлбэл: 73,6% нь ус, 13% нь уураг, 12% нь өөх тос, 0,6% нь нүүрс ус, 1 % нь кальци, фосфор зэрэг эрдэс бодис байдаг. Өндөгний хамгийн үнэ цэнэтэй хэсэг бол шар нь бөгөөд үүнд уураг, өөх, нүүрс ус, эрдэс амин дэмээс гадна бас A, B, D, E амин дэм агуулагдана. Мэдрэлийн болон ураг тархины эд эсийг лецитин хэмээх зайлшгүй чухал бодисоор хамгийн ихээр хангадаг нь өндөг юм.
ӨНДӨГНИЙ ИЛЧЛЭГ ЧАНАР
Чанарын шаардлагыг хангасан дундаж хэмжээтэй нэг өндөгөнд агуулагдах ичлэгийн хэмжээ 76 килокалори байдаг бөгөөд тэжээллэг чанараараа 40 грамм үхрийн мах, 200 грамм сүүтэй тэнцдэг. Өдөрт нэг өндөг хэрэглэснээр насанд хүрсэн эрэгтэй хүн өөрт шаардагдах энергийн буюу уураг эрдэс бодисын хэрэгцээний 3%, эмэгтэй хүн 4%-ийг, витамины хэрэгцээний 10-30%-ийг авах боломжтой төгс чанартай бүтээгдэхүүн юм.
ӨНДГӨНД АГУУЛАГДАХ УУРГИЙН ТУХАЙ
Өндөг нь уургийн гайхалтай эх үүсвэр бөгөөд хүний биед шаардлагатай үндсэн амин хүчлүүдийг өөртөө агуулдаг. Өндөгний өөрийн жингийн 12.5% нь буюу 6,25 гр нь уураг бөгөөд өндөгний шар, цагаан аль алинд нь байдаг. Хэдийгээр уураг өндөгний шард их хэмжээгээр агуулагддаг боловч заримдаа цагаанд шараас их уураг агуулагдах тохиолдлууд байна.
Өндөгний уургийн тухай хамгийн ойлгомжтой харьцуулалт бол өндөгний уураг нь чанарын хувьд эхийн сүүний дараа ордог гайхамшигтай хүнс юм.
ӨНДГӨНД АГУУЛАГДАХ АМИН ДЭМИЙН ТУХАЙ
С аминдэмээс бусад бүх чухал амин дэмүүдийг өөртөө агуулдаг. Бүх төрлийн В болон өөх тосонд хялбар уусдаг амин дэмүүдээр баялаг. Мөн өндөгөнд A, B, B6, В12, D, E гэх мэт 13 төрлийн витаминууд, юугаар ч орлуулашгүй амин хүчлүүд болон хүний биед зайлшгүй хэрэгтэй байдаг эрдэс бодисууд болох фосфор, төмөр, кальци, кали, селен, иод, медь, кобальт зэрэг микроэлементүүд агуулагддаг.
ӨНДГӨНД АГУУЛАГДАХ ЭРДЭС БОДИС
Хүний биеийн эрүүл мэндэд хэрэгтэй эрдэс баялгийг агуулдаг. Бамбай булчирхайн дааварт шаардлагатай иод, ясанд сайн фосфор гэх мэтийн эх үүсвэр болдог. Өндгөнд агуулагддаг зарим эрдэс бодисуудын ашиг тусыг дурьдвал: Цайр – шархыг анагаахад чухал үүрэгтэй мөн өсөлт болон халдварын эсрэг нөлөөтэй. Селен – антиоксидант – ясны бүтцийн өсөлт, мэдрэлийн үйл ажиллагаанд хэрэгтэй. Кальци – ясны сийрэгжилтийг зогсоож бэхжүүлдэг.
Мөн түүнчлэн өндөг найрлагандаа цусны улаан эсэнд чухал төмөр агуулдаг. Өндгөнд агуулагдах эрдэс бодисууд нь зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг багасгаж, бие организмын дархлааны системийг сайжруулж, бамбай булчирхай, дахин боловсруулах эрхтнүүдэд эергээр нөлөөлж, хүнийг үргэлж залуу, эрүүл байлгах нэг чухал эх үүсвэр болж байдаг.
ӨНДГӨНД АГУУЛАГДАХ ХОЛЕСТРИН
Нэг том өндөг нь 213 мгр холестериныг агуулдаг. Энэ нь өөхний солилцоог зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба өндөгний тосны хүчил нь өөхлөлтийн эсрэг бодис болох лецитин /бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн ихээр өндгөнд агуулагддаг/, кефалин, арахидонын хүчил зэргийн эх булаг болдог.
Холестерин нь биеийн бүх л амьд эд эсэд мөн цусанд агуулагддаг өөх тост бодис юм. Энэ бодис нь хүний бие махбодид шаардлагатай хэмжээгээр үүсэж хуримтлагдаж байдаг хүний биеийн маш чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Гэхдээ хоол тэжээлийн замаар их хэмжээний холимог найрлагатай өөх тосыг хэрэглэх нь цусан дахь холестерны хэмжээг нэмэгдүүлдэг.
ӨНДГӨНД АГУУЛАГДАХ НҮҮРС УС
Өндгөнд нүүрс ус ул мөр төдий хэмжээнд л байдаг.
ӨНДГӨНД АГУУЛАГДАХ ӨӨХ ТОС
Өндөгний 10.8% нь өөх тос. Өндөгний өөх тос нь бүхэлдээ өндөгний шард байдаг бөгөөд цагаанд 0.05%-иас илүүгүй байдаг.
Дундаж хэмжээний нэг өндөг нь 5 гр тосыг найрлагандаа агуулдаг бөгөөд үүний 1.5 гр нь ханасан, 3.5 гр нь ханаагүй тос байдаг.
Тиймээс өндгөн дэх тосны ихэнх нь ханаагүй тос байдаг ба өндөгний шар хэсэгт агуулагдах фосфаид, лецитин мэтийн өндөр чанартай тос энэ хэсэг дэх холестринээс хавьгүй их байдаг нь ходооны хананд хуримтлагдах өөх тосыг хайлуулж тэнцвэржүүлэгч болж өгдөг учир өдөрт 1 өндөг хэрэглэхэд цусан дахь холестрол нэмэгдэх, таргалах гэсэн сөрөг нөлөө байхгүй хэмээн эрдэмтэд баталсан юм.
Тийм ч учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүн бүр өдөрт нэг өндөг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөсөн байдаг