Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаарх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ.
Уг хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх аж.
Ойролцоогоор найм орчим төрлийн хэлбэрээр төр хувийн хэвшил хоорондоо хамтарч ажиллах боломж бүрддэг юм байна. Гагцхүү төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх гэж байгаа төсөл ямар хэлбэрийнх вэ гэдгээс хамаарна. Жишээлбэл төр Монгол Улсын Үндэс хуулиар олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зайлшгүй шаардлагын явцад зарим төсөл хөтөлбөрийг хувийн хэвшил хийх хэрэгцээ үүсдэг.
Тухайн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт нь хувийн хэвшилд төдийлөн ашигтай бус учраас хувийн хэвшлийн сонирхлыг татахгүй байх нөхцөл үүсдэг. Тэгэхээр үүн дээр төр хувийн хэвшлийг ашиглах гэхээс илүүтэйгээр арчлах, төр хувийн хэвшлийн хариуцаж буй ажилд үүрэг хүлээж, санхүүжүүлэх, төлбөр төлөх төрлүүд нэмэлтээр бий болж гарч ирнэ гэсэн үг.
Өмнө нь Концессын гэрээний хүрээнд барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой төсөл гарах үед хувийн хэвшил зөвхөн ашигтайг нь сонгож авч хийдэг байсан бол төр, хувийн хэвшил хамтраад нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, төрөөс нэг дор бөөн санхүүжилт хийхгүйгээр урт хугацаанд санхүүжилт хийж, хувийн хэвшил нь арчилж, тордож авч явдаг үүрэг хүлээнэ гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа бол төр бүх түвшинд нэгдсэн том судалгаа хийж чадахгүй байхад оршсон. Өнөөдрийн энэ хуулийн төслөөр салбарын яам болон Эдийн засаг, хөгжлийн яам гэж давхар орж ирсэн нь энэ алдааг засах зорилготой.
Цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил ч бай, төр, хувийн хэвшлийн хүрээнд хийгдэх ажил ч бай эхлээд эдийн засгийн үр өгөөжийн судалгаа тогтмол хийгддэг болно гэсэн үг. Энэ судалгаа нь үндэслэлтэй эсэх дүгнэлт гаргаж, Засгийн газраар дэмжигдсэн тохиолдолд энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байх уу, төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэж явах уу гэдгийг шийдэж, цааш ажил хэрэг болгоно.
Арьс ширний цогцолбортой холбоотой асуудал дээр гурван янзын төсөл гарсан. Анх Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах бодлого барина гэж бодлого барина гэж Дэлхийн Банктай хамтарч төсөл эхлүүлсэн. Дараа нь 2013 оноос Дарханы арьс ширний цогцолборыг байгуулах гэрээгээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл санаачлагдсан. Дараагаар нь ХААХҮЯ-аас төсөл хэрэгжүүлж, Италитай хамтран 100 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийнэ гэх санаачилга орж ирсэн байх жишээтэй. Ингэж төрийн гурван өөр бодлого хувийн хэвшлийн дагнаж ажиллах боломжийг хаасан. Цаашид ийм зүйл бий болгохгүйн тулд Эдийн засаг, хөгжлийн яам үндсэндээ байгуулагдсан. Эдийн засаг, хөгжлийн яаман дээр эдгээр тооцоо судалгаа хийгдсэний үндсэнд хаана ашигтай вэ гэдгээ шийдэж чадна гэсэн үг.
Төр жишээлбэл цементийн салбарт дотоодын хөрөнгө оруулагч нарыг бий болгож Хөгжлийн Банкаар дамжуулан зээл олгож дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилгыг тавьсан боловч өнөөдөр дотоодын үйлдвэрлэлүүд маань нийт зах зээлийнхээ хэрэглээний доод босготой тэнцүү хэмжээний цемент үйлдвэрлэж байна. Энэ бараг зориудаар нийгэмд эрэлтийг бий болгоод үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Нэг үйлдвэрт нь багахан хэмжээний доголдол үүсэхэд зах зээлд буй цементийн үнэ өсөж байх жишээтэй. Инфляц, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулаад үнийн өөрчлөлт орж байна уу гээд үзэхээр тийм биш. Тэгэхээр төр эдгээр зүйлийг маш ухаалгаар зохицуулж чаддаг болох ёстой.
Аливаа салбарт нэгт эрхийг нь олгож, хоёрт бизнесийн орчныг нь хамгаалах нь төрийн үүрэг. Бизнесийн орчин нь хамгаалагдсан байхад нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй бол төр хоёр дахь замыг сонгохоос өөр аргагүй.Өөрөөр хэлбэл үнийн өсөлтийн дарамтыг ард иргэд, аж ахуйн нэгж байнга үүрээд байж болохгүй.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлагдсан 80 гаруй төслөөс 17 төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой гэдэг урьдчилсан судалгаа гарсан. Төр бизнес эрхлэхээс татгалзаж чадвал хувийн хэвшилд багадаа 400 гаруй тэрбум төгрөгийн бизнесийг шилжүүлнэ. Шилжүүлж чадсанаар жил болгон 40-50 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэх боломжийг нээнэ. Энэ нь эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй гэж харж байна.