Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд “Компьютер хэл шинжлэлийн лаборатори”-ийг нээлээ. Тус лабораторийг байгуулах “Санамж бичиг”-ийг 2019 онд Хэл зохиолын хүрээлэн, Өвөр Монголын Их Сургуулийн Зүүн хойд Азийн хэлний эх баялгийн төв, Бээжин Их Сургуулийн Хэлний инновацын төвийн хооронд байгуулжээ.
Тус лабораторийн зорилго нь монгол хэл, бичгийг дэвшилтэт технологи ашиглан боловсруулж, компьютер хэл шинжлэлийг шинэ зууны технологийн хөгжилтэй уялдуулан монгол судлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Мөн судалгаанд суурилсан эх хэл боловсруулалтын судалгааг хамтын түншлэлд тулгуурлан хөгжүүлэх юм байна. Дээрх байгууллагууд монгол хэлний эх баялгийн байгуулалт, төрөл болон төрөл бус хэлний судалгаа зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд хамтарч ажиллахаас гадна, монгол хэлийг багтаасан дэлхийн олон хэлний эх баялгийг бүрдүүлэх, их хэмжээний өгөгдөл, үүлэн тооцоолол зэрэг дэвшилтэт технологийг ашиглан хэл боловсруулалтын судалгааг хөгжүүлэн, шинэ түвшинд гаргах, судалгааны эх баялгаа хамтран ашиглаж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Лабораторийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.
Эрдэм шинжилгээний үр дүнгээ хамтран эзэмшиж, мэдлэг, туршлагаа харилцан солилцож, эх хэл боловсруулалтын судалгааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг тус лабораторийг байгуулахаас өмнө хамтран арваад жилийн өмнөөс хийж эхэлсэн байна.
Тухайлбал, хоёр улс болон байгууллага хоорондын хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээрийн үр дүнд компьютер хэл шинжлэлийн судалгааг эхлүүлж, эхний үр дүнгүүд хэрэглээнд нэвтэрсээр багагүй хугацаа өнгөрчээ. Үүнд: “Монгол уран зохиолын дээжис (108 боть)-ийн цахим сан, хайлтын программ”, “Монгол хэлний үг зүйн задлалын программ”, кирилл-үндэсний бичгийн харьцуулсан цахим сан, халх болон нутгийн аялгууны цахим сан, кирилл-монгол бичгийн хадмал толь бичиг зэрэг бүтээлүүдэд хамтран ажиллажээ.
“Компьютер хэл шинжлэлийн лаборатори”-ийн нээлтэд БШУЯ-ны төлөөлөл, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын алба, Өвөрмонголын Их Сургуулийн Зүүн хойд Азийн хэлний эх баялгийн төвийн ажилтнууд, Бээжин их сургуулийн хэлний инновацын төвийн тэргүүн, ШУА-ийн ажилтан, албан хаагчид, их дээд сургуулийн багш, судлаачдаас бүрдсэн 60 гаруй төлөөлөгч биечлэн болон цахимаар оролцов.