ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын хуралд оролцох үедээ ирэх арван жил бол дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойшх хамгийн чухал жилүүд байх болно гэдгийг онцоллоо. Тэрээр барууны дангаар ноёрхох гэсэн түүхэн үе дуусгавар болж үүний хамтаар нэг туйлт ертөнц өнгөрсөнд үлдэх болно гэлээ.
Түүнчлэн тэрээр барууны ертөнц цаашид хүн төрөлхтөнг дангаараа удирдах чадваргүй болсон ч ноёрхлоо хадгалан үлдэх гэж улайрч байна. Харин үүнийг нь дэлхийн ихэнх ард түмэн тэвчихийг хүсэхгүй байгааг онцоллоо.
Жил бүр зохиогддог Валдай хэлэлцүүлэг энэ удаад “Ноёрхлын дараах дэлхий: Бүх нийтийн шудрага ёс ба аюулгүй байдал” сэдвээр явагдлаа.
3 цаг 40 минут үргэлжилсэн тус хэлэлцүүлэгт Путин эхлээд үг хэлж дараа нь улс төрчдийн асуултад хариулсан юм.
Тус клуб 2004 онд үүсэн байгуулагдснаас хойш Путин жил бүрийн хуралд нь тогтмол оролцсоор ирсэн бөгөөд энэ удаагийн XIX-р хэлэлцүүлэгт дэлхийн 41 орны улс төр, эдийн засгийн салбарын 110 гаруй шинжээч оролцжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Путин барууны орнуудыг Украины хямралыг өдөөж, Тайваньд өдөөн хатгалага явуулж, дэлхийн эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, нөхцөл байдлыг хурцатгах санаатай арга хэмжээнүүдийг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсээр ирсэнд буруутгалаа.
Путин барууны орнуудын ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ “ОХУ хэзээ ч Европын орнуудын эсрэг ямар нэгэн хорлон сүйтгэх муу санаа агуулж байгаагүй. Тиймээс Оросыг дайснаа гэж үзэхгүй байхыг уриалж, харилцаагаа сайжруулахын тулд Москвагийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авахад бэлэн байгааг хэллээ.
Путин Украин руу халдах болсон шалтгааны талаар нэгэн шинжээчийн асуусан асуултад хариулахдаа 2014 онд Виктор Януковичийг Украины Ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш ОХУ Донбассыг хамгаалахын тулд ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Үүний тулд цэргийн ажиллагааг явуулахаас аргагүйд хүрсэн гэжээ.
Мэдээж цэргийн ажиллагааг явуулснаар ОХУ эдийн засгийн болон бусад хохирлыг амсаж байгаа. Гэхдээ өмнө нь барууны түншүүдээс хараат байсан эдийн засаг, бизнесийн салбар одоо бие даан ажиллаж сурч байгаа нь ирээдүйд ашиг тустай гэдгийг хэллээ.
Дэлхий цөмийн мөргөлдөөний аюулын ирмэг дээр байна гэж үзэж болох уу гэсэн улс төрч Иван Сафранчукийн асуултад Путин харилахдаа цөмийн зэвсэг байгаа цагт түүнийг хэрэглэх аюул үргэлж байсаар байдаг хэмээгээд Барууны орнуудыг цөмийн зэвсгээр Оросыг шантаажилж байгаад буруутгалаа. Путин Оросын цэргүүд Запорожийн атомын цахилгаан станц руу галлаж байна гэх мэдээллийг эрс няцаагаад ОХУ өөрсдийнхөө хяналтад байлгаж байгаа цахилгаан станц руу галлахгүй нь ойлгомжтой гэсэн хариултыг өгчээ.
1 comment
СЛАВА РОССИИ