Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн талаар прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдээллээ.
Тэрбээр “Бид авлигын индексээ бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахгүйгээр эдийн засгаа тэлэх талаар ярих боломжгүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, хэрэг нь хаагдсан, одоо шалгаж байгаа, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийг танилцуулахаар төлөвлөсөн. Манай яаман дээр энэ хэргийн талаар нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байдаггүй. Хууль зүй, дотоод хэргийн яам үндсэн 16 чиг үүрэгтэй ажилладаг. Үүнд гэмт хэрэгтэй тэмцэх ерөнхий агуулгыг тусгадаг болохоос биш хэрэг бүртгэж, мөрдөн шалгадаггүй. Тийм учраас 10 гаруй хоногийн өмнө энэ хэргүүдийг олон нийтэд мэдээлнэ гэсэн. Үүний дагуу бид гурван мөрдөх байгууллага руу албан бичиг явуулсан. Авлигатай тэмцэх газраас тав, Цагдаагийн ерөнхий газраас 50 гаруй хэргийн материал ирсэн.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд ажиллагаанд байгаа хэрэг мөрдөн байцаалтын нууц учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэдгийг прокурорын байгууллагад хэлсэн. Одоогоос 30 минутын өмнө прокурорын байгууллагатай зөвшилцөж, ажиллагаанд байгаа хэргийг мэдээлэхдээ хүний овог нэрийг бүтнээр нь хэлэхгүйгээр, байгууллагын нэрийг бүтнээр нь хэлэхгүй байхаар амлалт өгсөн.
Ерөнхий сайдын 2021 оны 153 дугаар захирамжаар ажлын хэсгийг байгуулсан. Мөн оныхоо 187 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ-ын дарга, Гадаадын иргэн харьяатын газрын дарга, ШШГЕГ-ын дарга, ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, хамтын ажиллагааны ТЕГ-ын дэд даргын бүрэлдэхүүнийг нэмсэн.
Ингээд 57 хэргийн талаар мэдээлье.
АТГ-аас ирүүлсэн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаанд 3, хэрэгсэхгүй болгосон 1, хэргийг нь хаасан 1, шүүхийн шатанд 1, шүүхээр шийдвэрлэгдсэн 1 хэрэг байна.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр 50 хэрэг бий. Үүнээс мөрдөн шалгах ажиллагаанд 12, шүүхийн шатанд 2, шүүхээр шийдвэрлэгдсэн 3, хаасан 19, хэрэгсэхгүй болсон 14 хэрэг байна.
Хэргүүдийн зүйлчлэлийг авч үзвэл залилах 37, завших 6, мөнгө угаах суурьтай 11, дээрэмдэх 1, хахууль өгөх, авах 3, албан байдлын байдлаа урвуулан ашиглах 3, мансууруулах эм, бодисыг ашиглах хэрэг 5%-тай.
Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон нийт 57 хэргийн 20-ыг нь хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг дэлгэрэнгүй өгч болно гэсэн учир овог, нэрийг бүтнээр нь хэлье. Япон улсын иргэн Такахама Кеничи нь их хэмжээний мөнгөө залилуулсан гэх хэрэг байгаа. Монгол Улсын иргэн О.Болд нь Япон улсын иргэн Такахаматай Монгол Улсад ББСБ байгуулан хамтран ажиллахаар тохиролцож, Ориентал капитал, Ориентал инвест гэдэг компанийг байгуулсан. Ингээд зохиомол байдлыг бий болгон хуурамч данс, хуулга, санхүүгийн тайлан гарган япон улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөгийг залилсан.
Хэргийг нээсэн огноо нь 2018 он.
Хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангиар зүйлчлэгдэн яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Болдод 6 жилийн хорих ял оногдуулсан. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа” гэв.