УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Төсөв эдийн засгийн 40 хувьд хэдийн хүрчихсэн. Ийм орон зайд мөнгөний бодлого явуулах ямар ч боломж байхгүй. Хоёрдугаарт, 2023 оны хамгийн хүндрэлтэй зүйл яах аргагүй төлбөрийн тэнцэл болно шүү. Хэрвээ бид бондуудаа төлж чадахгүй бол дефолт зарлана. Өнөөдөр нийт нөөц маань 2.7 тэрбум ам.доллар л байна. Гэтэл ирэх жил өр төлбөрт төлөх төлөх дүн 1.3 тэрбум, Хятадын төв банкны своп 2.5 тэрбум ам.доллар байгаа. Тэгэхээр маш хэцүү байгаа шүү.
Мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх ганц л арга бий. Тэр нь төсвөө хумих. 20.5 их наядын төсөвтэй байхад инфляцыг нэг оронтой тоонд барих ямар ч боломж байхгүй. Ам.долларыг 3500 дээрээ ч барих боломжгүй. Энэ бол бодит байдал. Цаашдаа энэ улс дефолт зарлахгүйгээр эдийн засгийнхаа асуудлыг шийдээд явъя гэвэл Их хурлын гишүүд маань төсөв дээрээ хатуу байр суурьтай байгаарай. Үгүй бол улсаараа дампуурна шүү. Үүнийг ганц би биш, олон улсын байгууллагууд ч хэлж байна. Одоо дэлхий даяараа төв банкууд нь Засгийн газартайгаа тэмцэж байна. Яагаад гэхээр Засгийн газрууд нь эдийн засгийнхаа өсөлтийг дээшлүүлье, ажлын байрыг бий болгоё гээд гоё гоё хөтөлбөрүүд ярьдаг.
Төв банкууд нь тийм боломж байхгүй ээ, яагаад гэвэл ковидоос болоод дэлхий дээр ийм их мөнгө бий болчихсон, үүнийг буцааж татаж авах хэрэгтэй гээд бүгд бодлогын хүүгээ өсгөж байна. Одоо Монголбанкны бодлогын хүү 12 хувь байна. Үүнээс дээшилбэл, зээл гарахгүй шүү. Зээл гарахгүй байхад эдийн засгийн өсөлт байхгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүд бид төсөв батлахдаа янз бүрийн гоё нэртэй хөтөлбөрөөр төсвийн гадуурх зарцуулалтыг зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт, төв банкнаас санхүүжүүлдэг элдэв төсвийн шинжтэй ажлуудыг зогсоох хэрэгтэй. Гуравдугаарт, төрийн өмчийн компаниудаар дамжуулж хэрэгжүүлээд байгаа элдэв төсвийн шинжтэй арга хэмжээг зогсоох хэрэгтэй. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр мөнгөний бодлогоо дэмжих байдлаар кноп дарж өгөөрэй гэж хүсмээр байна.” гэлээ.