Нэр бүхий долоон иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор иргэн Ж.Энхжаргалан хэвлэлийн хурал зарлаж, өмгөөлөгчийн хамт тайлбар хийлээ.
Тэрбээр уг асуудалд цагдаагийн байгууллагыг зохион байгуулалттайгаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж хардаж буйгаа илэрхийлсэн бөгөөд иргэний хувийн мэдээллийг ил болгосон алба хаагч, хэвлэл мэдээллийн байгууллагыг хариуцлага хүлээж, уучлалт гуйхыг шаардсан юм.
“Цагдаагийн ажилтнууд шууд мөрийтэй тоглоом зохион байгуулснаа үнэнээр нь хэл гэж тулгасан”
Иргэн Ж.Энхжаргалан хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт би харих замдаа найзтайгаа ажил ярихаар 21:40 цагийн үед гэрт нь очсон. Бид ярьж дуусаад найзуудаараа тодорхой хэмжээнд “13 модны покер” тоглосон бөгөөд буцаад 00:00 цагийн үед хаалгаар гарах гэтэл тусгай бэлтгэгдсэн эрүүгийн мөрдөгч нар ирчихсэн байсан. Тэдний дайрч орсон газар бол тоглоомын газар биш, айлын гэр гэдгийг онцолъё.
Тэдгээр мөрдөгчид бидэнд прокурорын зөвшөөрөл байсан эсэхээ ч хэлээгүй шаардлага тавьж хана руу харуулж зогсоогоод, тэр айлын гэрт нэгжлэг хийхийн зэрэгцээ биед байсан эд зүйл болон гар утсыг нь хурааж авсан. Ингэхдээ тухайн айлын булан тохой бүрийг нэгжиж, сэжигтэй гэж санагдсан бүх зүйлийг цуглуулан ширээн дээр тавьсан юм.
Тэр айл учраас нэгжлэг хийхэд ямар нэг байдлаар даалуу, хөзөр, читон болон эмийн сан гарч ирсэн. Эмийн сан дотор нь юун тариур зүү, капсултай эм байгаа талаарх асуудал дэгдсэн.
Үндсэндээ цагдаагийн ажилтнууд орж ирээд шууд бидэнд мөрийтэй тоглоом зохион байгуулснаа үнэнээр нь хэл гэж тулгасан бөгөөд үйл явдал өрнөхөд нийт 10 гаруй хүн орж гарах үед бид хана руу л харж байсан гэдгийг хэлье.
Мөн нэг, нэгээр нь биднийг хажуугийн өрөө рүү авч орж уулзсан бөгөөд нэг залууг бүр хүч хэрэглэн гавлаад, газар хэвтүүлчихсэн байсан. Тухайн шөнө биднээс тест авахад ямар ч хар тамхины зүйл илрээгүй. Маргааш өглөө нь бүгдэд нь гар утас, түлхүүр зэргийг нь өгөөд явуулсан. Өөрөөр хэлбэл, зарим хэвлэлээр мэдээлсэн шиг хар тамхи, кашиш гэх бодис илэрсэн гэх зүйл тэр өдөр огтхон ч яригдаагүй. Гэтэл дараа нь хэвлэлээр тийм бодис илэрсэн гэж мэдээлснийг маш их гайхаж байна.
Бид найзуудаараа цуглаж, ажил яриад хоорондоо зугаагаа гаргаж хөзөр тоглосноос биш ямар ч мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй. Зүгээр хөзөр тоглохыг хориглосон хууль энэ улсад байхгүй байх.
Гал тогооны ширээн дээр баримтжуулсан гээд байгаа зураг бол тухайн мөрдөгчид тэр айлыг бүхэлд нь нэгжээд гарсныгаа бөөгнүүлээд тавьчихсан байгаа л зүйлс.
Мөн нийт 8 сая төгрөг бэлнээр хураасан гээд байгаа нь тэнд байсан долоон хүнд байсан бүх мөнгөний нийлбэр дүн. Тиймээс үүнийг би нэлээн алдаатай гүйцэтгэх ажиллагаа гэж харж байгаа бөгөөд зохион байгуулалттайгаар хэрэгт унагах оролдлого гэж бодож байна.
Ингэж хардаж байгаа баримт нь намайг очсоноос хойш 50 минутын дотор л тэр айлын гадна талд 7-8 мөрдөгч ирчихсэн байсан нь камерын бичлэгт үлдсэн байгаа. Харин би тэр айлд очсон сүүлээсээ 2-3 хүн нь. Ердөө 50 минутын дотор эрүүгийн мөрдөгч нар зохион байгуулалтад ороод дуудлагыг аваад айлын гэрт ирэх боломжтой юу. Хамгийн гол нь шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй, дөнгөж шалгагдаж байгаа зүйлийг яагаад зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглосон мэтээр мэдээлэл цацсан бэ. Энэ бол Монгол Улсад ямарваа нэгэн хэргийг шүүхээр тогтоогдоогүй байхад урьдчилж сошиалоор ялладаг байдлын жишээ. Ийм байж болохгүй” гэлээ.
Мөн нийтэд ил байх ёсгүй мэдээлэл буюу тухайн овог нэр, гэр бүл, ажил хөдөлмөрийн байдал, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан эсэх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр цацсан болон ийм хувийн мэдээллийг гаргаж өгсөн ажилтнууд хариуцлага хүлээх ёстой гэж тэрбээр үзэж байгаа аж.
Иймд тухайн мэдээллийг ил болгосон алба хаагчийг Хууль зүйн яам тодорхой болгохыг болон мэдээллийг нийтэд цацсан хэвлэл мэдээлэл алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйхыг шаардлаа.
Түүнчлэн МУГТ Б.Наранбаатар, өөрийгөө болон хамт байсан иргэдээ хар тамхи татаад, мөрийтэй тоглоом зохион байгуулах хүмүүс биш хэмээн мэдэгдлээ.
“Мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан баримттай өмгөөлөгч хүртэл танилцах боломжгүй байдаг”
Мөн түүний өмгөөлөгч “Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан баримт мэдээлэл нь олон нийтийн хэрэгслээр гарсан нь асуудал. Ингэх уг нь боломжгүй.
Тодруулбал, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа нь нууц буюу мөрдөн байцаагч, прокуророос өөр этгээд тухайн хэргийн мөрдөн байцаалттай танилцах боломжгүй байдаг.
Тухайн хэргийн дуудлагаар очсон ажилтан, албан тушаалтны л авсан байх боломжтой буюу цаашаа хараа зогссон иргэд, эд мөрийн баримтын зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан нь гайхшрал төрүүлж байна. Өмгөөлөгч хүн хүртэл тухайн хэргийг шүүхэд хэрэг шилжих хүртэл ийм баримттай танилцах боломжгүй байдаг” гэлээ.
Үргэлжлүүлэн, хэн нэгнийг шүүхээр яллахаас өмнө нийгмээр нь яллаж, жигшээх зорилго агуулсан мэдээлэл цацах нь маш буруу жишиг гэдгийг онцлоод тогтоогдоогүй асуудлын талаар мэдээлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг хүслээ.
Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Хэвлэлийн байгууллагын зөвлөл өнөөдөр ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэргэд Ёс зүйн хорооноос баталсан ёс зүйн зарчимд гэмт хэргийн тухай мэдээллийг дамжуулахдаа юуг баримтлах ёстойг маш тодорхой заасан байдаг.
Сэтгүүл зүй хүний эрхийн эсрэг ажиллаад эхэлсэн үед мөхнө. Хууль шүүх, сэтгүүл зүйн салбар нь хүний эрхийг хангаж ажиллах ёстой” гэдгийг сануулсан юм.