Х.МОНГОЛХАТАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ долоо хоногийн дугаарт Буддын гүн ухааны Гэвш багш Асралтын Батцэнгэл оролцлоо. Түүний ярилцлагаас эшлэн хүргэж байна.
-Буддын гүн ухаанд жинхэнэ жаргал хүний сэтгэлд байдаг гэж үздэг. Жаргалд хүрэх арга зам нь дан ганц сүсэг бишрэл, итгэл үнэмшил биш, харин сэтгэлийн боловсрол юм. Сэтгэлээ захирдаг, жолооддог, удирддаг хүн жаргалыг мэдэрнэ. Сэтгэлээ удирдах, жолоодох гол арга нь бодох. Ямар нэг зүйлийг ойлгож, мэдлэг авч байж бодно.
-Зовлон бидний хийсэн буруу үйлдэл, сөрөг сэтгэл хөдлөл буюу уур хилэн, хүсэл шунал, атаа хорсол, буруу ойлголт, буруу дүгнэлт, буруу төсөөллөөс үүдэлтэй. Нэг ёсондоо бид мэдэхгүйгээсээ болоод уурладаг, шунадаг, атаа хорсолд автаж, стресстдэг. Тэгэхээр зовлонг арилгая гэж бодвол мэдэхгүйг арилгах хэрэгтэй. Мэдэхгүйг мэдлэгээр л арилгана.
-Энэ тогтворгүй нийгэмд хүн өөрийн сэтгэлийг удирдаж, тогтоож чаддаг байх нь чухал. Бурхны шашин Буддын философи олон мянган жилийн турш сөрөг муу сэтгэл хөдлөлийг арилгах арга замыг заасаар ирсэн. Сөрөг муу сэтгэл хөдлөлийг хянаж, аз жаргалтай амар тайван байлгах өв соёл бидэнд бий.
-Нийгмийн дунд амьдарч буй хүн бүхэнд ёс суртахуун, энэрэнгүй сайхан сэтгэл ус, агаар мэт чухал. Хүн бүр өөртэйгөө ажиллаж, дотоод сэтгэлээ тайван байлгаж, баяр баяслаар дүүргэхийн хэрээр аз жаргалтай амьдрах боломж бүрдэнэ. Биеийн эрүүл мэнддээ анхаардаг шигээ сэтгэлийн эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй байна.
-СВСТ буюу Танин мэдэхүй дээр суурилсан энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх бясалгалын хөтөлбөрийг АНУ-ын Атланта хотын “Эмори” их сургуулийн сэтгэл судлал, мэдрэл судлал, сувилахуйн ухаан, тархи судлалын олон эрдэмтэд хамтарч боловсруулсан байна. СВСТ хөтөлбөр нь бясалгалын үндсэн хоёр зарчим болох анхаарал төвлөрлийн бясалгал, ажиглаж дүн шинжилгээ хийх бясалгалыг өөртөө агуулсан хөтөлбөр юм.
-Сүүлийн үед хүмүүсийн анхаарал төвлөрөл суларч, хугацаа нь богиносч байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдсанаар хүн үй түмэн бодол дундах сөрөг сэтгэл хөдлөлөө таньж, сэтгэл хөдлөлөө хөндлөнгөөс харах, эерэг сайхан зүйлд төвлөрөх арга барилд сурдаг. Мөн өөрийгөө үнэн зөвөөр энэрч хайрлах бясалгалын арга техникийг заадаг. Өөрийгөө хайрлаж чадсанаар бусдыг хайрлах чадвартай болно. Бусдыг өөртэйгөө адилхан гэдгийг харсан цагт бусад руу хандсан сөрөг сэтгэл хөдлөл, буруу хандлагууд арилна.
-Бид олон талаараа бусад хүмүүстэй хамааралтай амьдарч байна. Ганцхан зүсэм талх идэхдээ л энэ зүсэм талх ямар олон хүний хүч хөдөлмөрөөр над дээр ирж байгааг бодох хэрэгтэй.Бид бусдын ачаар ирж байгаа, хүмүүсийн ач буянаар сайхан амьдарч байгааг ойлгуулж, жинхэнэ энэрэнгүй сэтгэлийг таниулдаг.
-“Эмори” их сургуулийн гаргасан судалгаагаар Энэрэнгүй сэтгэл хэдий хэмжээнд төрнө тэр хэмжээгээр сэтгэлийн хат бий болдог гэж дүгнэсэн. Жинхэнэ энэрэнгүй сэтгэл хүнд маш их эрч хүч, урам зориг, итгэл найдварыг бий болгодог.
-Сөрөг мэдээлэлд төвлөрснөөр хүмүүсийн хандлага сөрөг болдог. Хүний сэтгэлийг засах хамгийн оновчтой арга бол бясалгал юм. Энэ үед нь сөрөг хандлагаа засах системтэй арга техникээр удирдаж сургаснаар стресс бухимдал, бусдаас өө хайдаг, бусдыг буруутгадаг байдал засагдаж сэтгэл нь илүү амгалан тайван болдог.
-Эртний Энэтхэгийн эрдэмтэн Шантидэва бодит байдлыг үнэн зөвөөр харж чадвал асуудлыг шийдэх боломжтой эсэхийг дүгнэж чадна гэж хэлсэн байдаг. Асуудлыг дүгнээд шийдэх боломж байвал хямрах шаардлагагүй, эсрэгээрээ асуудлыг шийдэх арга байхгүй бол нэгэнт шийдэж чадахгүйгээс хойш мөн л хямрах шаардлагагүй. Тэгэхээр бидэнд ямар ч тохиолдолд хямрах шаардлага байхгүй. Энэ бол бидний зөв хандлага. Хандлага нь мэдлэгээс шалтгаална.
-Шинжлэх ухааны эрдэмтэд судлаад сайхан сэтгэлийг гурав ангилсан байдаг. Сэтгэл хөдлөлийн түвшинд, ухаарлын түвшинд, хүсэл тэмүүллийн түвшинд энэрэнгүй сэтгэл төрдөг гэж. Сэтгэл хөдлөл ба ухаарлын түвшинд энэрэнгүй сэтгэл төрөх нь хүмүүст байдаг чанар. Харин хүсэл тэмүүллийн түвшинд энэрэнгүй сэтгэл төрөх нь мэдлэг дээр суурилсан хамгийн зөв сэтгэл юм. Энэ нь зовж зүдэрч буй хүнд хариу нэхэлгүй туслах хүчтэй сэтгэлээс үүдэлтэй. Тиймээс мэдлэг дээр суурилсан энэрэнгүй сэтгэл чухал юм.
-Бид бусдыг хайрласнаар ямар их жаргалтай, тайван, амар амгалан амьдрах билээ. Энэрэнгүй сайхан сэтгэл төрөхөд тархинд маш их эерэг эд эсүүд хөгжиж, дархлааны систем улам хүчтэй ажилладаг. Хайрласнаар, хайр түгээсээр бидний эрүүл мэндэд төдийгүй нийгэмд ч ашиг тустай. Нэг гэр бүлд нэг л энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүн байхад тэр гэр бүл ямар амар тайван байх вэ. Нэг айлаас үүссэн энэ давалгаа хүрээгээ тэлж бусад айлуудад, нийгэмд нөлөөлнө.
-Өнөөгийн монголчууд бид үнэт зүйлээ тодорхойлох хэрэгтэй байна. Үнэт зүйл гэдэг тухайн улс орны хүмүүсийг нэгтгэж чаддаг хүчтэй зүйл юм. Бидний үнэт зүйл нь монгол хүн байх уу, эсвэл эзэн Чингис хаан уу. Аль аль нь байж болох ч бид оюун санааны болоод сэтгэлгээний түвшинд үнэт зүйлээ улам тодорхой болгох нь чухал байна.
-Хүний амьдрал маш үнэ цэнэтэй. Үнэ цэнтэй энэ амьдрал хэмжээ хязгаартай учраас хором мөч бүрийг талаар өнгөрүүлж болохгүй. Өөрийгөө болон бусдыг зовоохгүй, хүн бүр аз жаргалтай амьдрах эрхтэй, тийм боломж ч бидэнд бий.
СВСТ бясалгалын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80052660, 93090090, 99059156 дугааруудаас лавлаарай.
Эх сурвалж:www.polit.mn