– Юугаар дутаасан гэж “ингэж” явдаг юм чи? Чиний төлөө л би нойр хоолгүй зүтгэж байна. Халуунд халж, хүйтэнд хөрж явааг минь харахгүй байна уу? Хүний ач мэддэггүй мулгуу амьтан!
Хүүгийн хоёр нүдийг нулимс бүрхээд ирэв. Хоолой нь зангираад, цээжин дээр нь нэг их том юм тээглэчихэв.
Амьсгалахад бэрх болж хаашаа ч юм гараад гүйчихмээр мэдрэмж төрсөнд тэр хоёр гараараа чихээ таглаж хий дэмий л дороо үсчив.
~ Хэнд ч үл харагдах, хэнд ч үл сонстох хэрцгий тулаан энэ бяцхан “эр” дотор яг одоо явагдаж буй.~
“Юугаар дутлаа гэж ингэж явдаг юм?”
– Юм юмаар л дутаж явна даа. Хайраар. Халуун дулаан сэтгэлээр. Гэртээ ороод ирэхэд өөдөөс гэрэлтэх эцэг, эхийн инээмсэглэлээр. Халамжаар. Халуун дулаан яриагаар. Чив чимээгүй дэргэд нь суухад мэдрэгдэх тав тухаар.
Хэрвээ миний төлөө… зөвхөн миний төлөө нойр хоолгүй зүтгэдэг юм бол… хэрвээ хийж, бүтээсэн бүхэн чинь надаас өөр хэнд ч хэрэггүй юм бол… одооноос өөрийгөө зовоохоо боль доо.
Надад энэ бүхэн чинь хэрэггүй ээ… надад зөвхөн хайр л хэрэгтэй.
Сэтгэлээ уудлахад чимээгүй сонсох чих хэрэгтэй.
Тэвчээр алдаад нулимс унагахад нуруу илэх гар хэрэгтэй.
Тэврэлт хэрэгтэй. Цугтаа өнгөрүүлэх чөлөөт цаг хэрэгтэй.
Дурласан охиныхоо тухай ярихад дуу шуугаар хүлээж аваад, ичингүйрүүлж инээлгэх хэдэн үг хэлээд эцэст нь “аз жаргал” хүсэх гэр бүл хэрэгтэй.
Надад “та” хэрэгтэй. Таны үзүүлэх нөмөр нөөлөг хэрэгтэй.
Надад аюулгүй мэдрэмж хэрэгтэй.
Намайг хүүгээ гэж нандигнах сэтгэл хэрэгтэй. Итгэл хэрэгтэй. “Ээж, аав” хэрэгтэй.
… Хүний ач мэддэггүй мулгуу амьтан байгаадаа хүлцэл өчье.
Хэт их ажлын чинь дэргэд хэн ч биш гэдгээ мэднэ ээ.
Гэхдээ би “хүү” чинь … “хүүхэд” чинь … цээжиндээ зүрхтэй “хүн” шүү дээ.
Хүрээд ирэхэд хэрүүл л хүлээж байдаг, хүрээд очно гэж бодохоор түгшүүр л сэтгэлд илэрдэг энэ гэрт ирэхийг хүсэхгүйдээ би “ингэж” явдаг юм.
~ Хэрвээ сэтгэл гээч зүйл хүчилтөрөгч ялгаруулдаг байсан бол миний зүрх аль хэдийн зогсчихсон байх байлаа. ~
Хэзээ нэгэн цагт би таны яриад байгаа энэ их “ач”-ийг арай өөр “ач”-аар хариулах болно оо. “Ач” гэдэг үгийн учир арай өөр зүйлд агуулагдаж байдгийн учрыг ирээдүйн “ач” нарт чинь гаргаж буй хандлагынхаа жишээгээр харуулахыг хичээнэ ээ.
… хүү хоёр чихнээсээ гараа аваад өрөө рүүгээ гүйв… хурц үзүүртэй хатуу үгс харин хаалга балбасаар л…
Б. Отгонсайхан 2022.10.21 (өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд гэр бүлийн уур амьсгал, эцэг эхийн харилцаа хандлага хэрхэн нөлөөлдөг талаар нэгэн судалгаа уншсан минь энэхүү бичвэрийг бичих эхлэлийг тавив.)
~ эцэг эх бүр үр хүүхдийнхээ хувьд хамгийн сайн найз нь байгаасай ~