MN 25 дугаар суваг телевизийн тоймч, сэтгүүлч Х.Уламбаяртай ярилцлаа.
-Та цахим хуудастаа дуучин Вандангийн Баттулга, охин Баттулгын Дуулим нарын тоглолтын постерын талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ нь нийтийг нэлээд талцуулж, шуугиан үүсгэж байна. Та яагаад энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх болов?
-Ер нь сүүлийн хэдэн сар, жилийн хугацаанд дуучин В.Баттулга өөрийн охин Б.Дуулимтай олон нийтийн сүлжээнд зураг, дууны клипээ цацах, тоглолтын постер оруулахыг удаа дараа харж байсан. Энэ нь тухайн уран бүтээлчийн менежмэнт байх. Гэхдээ нөгөө талаас урлагт өөрийн ёс зүй гэж байх ёстой. Урьд өмнө нь зургаас нь харахад аав, охин хоёроос илүү амраг хосуудын маяг, утга агуулгатай дүр төрх харагдаж байсан. Хэл ам татлаад байгаа сүүлийн постерын зураг бол үзэл бодлоо хүчтэй илэрхийлэх гол шалтгаан боллоо. Зургийн утга санаа, менежмэнт нь аав, охин хоёрын тоглолт биш өөр ойлголт төрүүлэхээр байсан. “UFC” тулалдааны эсвэл насанд хүрэгчдийн бэлгийн эм бэлдмэлийн сурталчилгаа ч юм шиг харагдсан. Постерын дээд талд “Охин бид хоёр” гэж бичээгүй бол хэн ч ойлгохооргүй байсан шүү дээ.
-Таныг өөрийн цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсний төлөө дуучин В.Баттулга эргээд энэ асуудалтай ямар ч холбоогүй таны ажил мэргэжил, ажлын газар, хувь хүний орон зай, нэр хүнд рүү халдаж лайваар гутаан доромжилж байсан л даа. Энэ тухай тодруулахгүй юу?
-Тийм, би тэр лайвыг яг сайн тогтож үзэж амжаагүй байна. Дуучин тоглолтоо зогсоогоод голоор нь орилж чарлаж, уурлаж үсчиж байна гэж олон хүн надад хэлсэн. Би үзэл бодлоо л илэрхийлсэн төдийд миний ажилладаг байгууллага, албан тушаал, гэр бүл огт хамаагүй. Одоог хүртэл миний утсанд хэдэн зуун чат, мессэж ирсээр байна. Өнөөдөр өглөө (өчигдөр) манай ажлын газрын хамгаалагчид “Танайд Уламбаяр гэдэг залуу ажилладаг биз дээ болгоомжтой, аятайхан яв гэж хэлээрэй” гээд явсан байна лээ. Би цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсний төлөө аюулгүй байдалдаа санаа зовох шаардлага үүсч байгаа юм болов уу. Маргааны гол сэдэвт санаа зовохын оронд ямар ч хамааралгүй зүйлс рүү дайрч байгаа нь дуучин илүү ёс зүйгүй харагдаж байна.
Хэрэв та мартаагүй бол саяхан Хууль зүйн төрийн нарийн бичгийн дарга хошин урлагийн жүжигчдийг алиалагч гэж хэлснээрээ маргааш нь нэр бүхий жүжигчид яамны гадаа жагссан. Үндсэндээ бол нэр бүхий хүмүүсийн хүссэн шиг масс хүлээж аваагүй. Үүнтэй адил нийтийн дуучид өөрсдийнхөө болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг дотроо ярилцдаг байгаасай гэж хүссэн. Түүнээс биш иргэн Х.Уламбаяр нийтийн дууны уран бүтээлч огт биш. Миний үнэт зүйл рүү хэт халдах нь хэр зохимжтой юм бол гэж бодож байна. Би тогоон дотор нь байдаггүй хүн болохоор ингэж хандаж байх шиг. Гэхдээ нэг сонин зүйл нь энэ постыг оруулаад 24 цаг болох гэж байна. Энэ хугацаанд над руу чат, зурвас бичиж утсаар ярьсан хүмүүс ямар ч албан ёсны нэр, зураггүй хаягууд байна. Мөн энэ хугацаанд нэг ч зохиолын дуучин, зохиолын дуутай холбоотой уран бүтээлч над руу хандаагүй. Тэгэхээр энэ маань нийтийн дууны салбар дотроо бас зөрчилдөөнтэй асуудал байсан юм болов уу гэж ойлгосон.
-Сүүлийн үед хүмүүсийн сошиал ертөнц дэх ёс зүйн тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Толгойтой бүр утас барьдаг гэдэг шиг л байна. Энэ нь хүн төрөлхтний жам л байх. Том, жижиггүй л ухаалаг утастай, хүссэн хүсээгүй цахим орчинд холбогдож байна. Үүнийг хатуу хуульчлах нь цаг хугацааны асуудал. Саяхан Мэдээлэл харилцаа холбооны яамтай болсон. Удахгүй энэ асуудал жигдрэх байх. Би өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг. Нэг зүйл онцлоход би олон улсын тойм, хэлэлцүүлэг хөтөлж байхдаа хэн нэгний алдар нэрийг гутааж, голчилж яриагүй. Би зүгээр л өөрийнхөө хувийн орон зайд бодлоо илэрхийлсэн төдий. Миний бичсэн пост болон зураг Баттулгын Дуулим гэдэг охинд огт хандаагүй. Хэрэв буруугаар ойлгосон бол хүлцэл өчье. Харин би аавд нь энэ бол 100 хувь танд хандсан пост. Хэрвээ та ухаантай хүн бол үүнийг хоёр талаас нь эргэцүүлж хүлээж аваарай гэж хэлье.
Үргэлжлэлийг DNN.MN цахим хуудаснаас хүлээн авч уншина уу.
Эх сурвалж: Өдрийн сонин