Өчигдөр /2022.10.20/ болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумаар гурван удаа зээл авсан хэмээн хэлсэн. Тодруулбал,
-Хөгжлийн банк”-ийг үе үеийн улс төрчид дампууруулсан. Ардчилсан намын үед Худалдаа хөгжлийн банктай нийлж байгаад үгүй болгосон. Манай үед 2017 онд Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан. Ингэж сонгуулийнхаа менежерийг тавьж эхэлсэн. Жишээлбэл, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз зээлийн газрын захирал, н.Уянга нь бас цуг сурч байсан. Эд нар Чингис банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болсон. Ийм байхад таслан зогсоохгүй байж болохгүй. Сангийн сайд нь үүгээр зогсохгүй.
Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл Зэт финанс банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар гурван удаа зээл авсан.Ийм байж болох уу? Энэ шалгалтын энэ улсаас эхлэх ёстой
гэсэн юм.
Тэгвэл уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан хариу тайлбар өглөө. Сангийн сайд Б.Жавхлан:
-Намайг томилолттой үед их хурлын чуулганаар “Жэт финанс” ББСБ-аараа 900 тэрбум төгрөг авсан гэж ярьжээ. Би тэвчээртэй сонслоо. Юм хэмжээтэй байх хэрэгтэй учир тайлбар өгье гэж бодлоо. Би Дарханд төрж өссөн хүн. Дарханаас гаралтай компани бүрийг надтай хамааруулж байна. Би шалгуулахад бэлэн.
Ц.Даваасүрэн гишүүн санхүүгийн мэргэжилтэй хүн 900 тэрбум төгрөг гэдэг дүнгээ ойлгож байгаа байх. Мэдэж байж будилж байх шиг байна. Тухайн компанийн эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум байсан гэдгийг би сая тодруулж мэдлээ. Бичил санхүүгийн хөгжлийн сан нь Монголбанкны эх үүсвэр огт биш. Дэлхийн банкны тогтвортой амьжиргаа сангийн дэргэд байдаг төслийн нэгж. Ийм байхад яаж 900 тэрбум төгрөгийн зээл гарах вэ дээ. Гурван удаа гэхээр 2.7 их наяд болох нь байна. “Жэт финанс” компанид манай дүү оролцоотой байсан нь үнэн. 2020 оны сонгуулийн өмнөхөн би дүүдээ шаардлага тавьж, “Ийм бизнес дэмий” гэж болиулсан юм. “Жэт финанс”-ийн зээлийн түүхийг харвал 2012 онд 260 сая төгрөг, 2014 онд 260 сая төгрөг, 2015 онд 400 сая төгрөгийн зээл аваад, ямар нэг зөрчилгүйгээр төлсөн байна. Хамгийн сүүлийн зээлийг 2018 онд төлж дуусгажээ. 900 тэрбум төгрөгийн зээлийг хаанаас гаргаж ирснийг гайхаад олох байна. Нийлээд л 900 сая юм шиг байна.