Үлгэрийн далай л даа. Анх энэ Хөгжлийн банкны луйврыг МАН-ын удирдлагын баг өөрсдөө дэлгэж, асуудал болгон ам асуусан байдаг юм. Тэгэхдээ эрх ашгийн асар өндөр зөрчилтэй сайт, сэтгүүлчийг сонгож, шүгэл үлээгчээр томилон санхүүжүүлсэн гэдэг. Тэгсэн нөгөөх нь хувийн өш хонзондоо хөтлөгдөж төөрөөд, хамгийн өндөр эргэн төлөлттэй, цемент үйлдвэрлэдэг үндэсний хоёр компани руу ноцсоноор үйл явдал үргэлжилсэн.
Бүр “Хятадаас цементээ авъя, энэ хоёр компанийг хаая, хураая” гэж хэлэх хүртлээ төөрсөн гэж байгаа. Ингээд Хөгжлийн банкны асуудал өөр тийшээ далийгаад, цементийн хэрүүлээр үргэлжилсэн. Нэг сумаар хоёр туулай буудах гээд будилав уу, нэг мөсөн төөрч тэнэв үү, хэлэхэд хэцүү, хэдэрлэхэд ч хэцүү. Зун дуусч намрын сарууд эхлэхэд нөгөө хоёр үйлдвэр чардайтал ажилласаар, Засгийн газар импортын цементийн татварыг тэглээд ч барсангүй, Хятадаас орж ирсэн цементийн үнэ тонн тутам нь 560 мянга дээр донхойв.
Үндэсний хоёр үйлдвэр үүргээ биелүүлсээр, өнөөг хүртэл тонн тутмыг нь 350-480 мянган төгрөг дээр барьж чадав. За ингээд цементийн дуулианд дарагдаад цэмцийтэл нүүрээ будсан нөгөө Хөгжлийн банкны зээлдэгчдийн асуудал намрын чуулганаар Б.Энхбаярын ахалсан түр хорооны нуруун дээр нум болж буулаа даа. Санаж байгаа бол Хөгжлийн банкны асуудлаар төрийн ордонд хэлэлцүүлэг хүртэл зохиож, Лодой нөгөө хэнтэй хамт хөтлөөд, Амарбаясгалан ам өчиг өгч оролцоод, үлгэрийн гэмээр үнэн жавхаатай үргэлжилсэн дээ.
Тэгсэн одоо болохоор УИХ-ын гишүүн Энхбаярт энэ асуудлыг судлах, гаргаж тавих зардал мөнгө ч байхгүй, Сангийн сайд нь “Мөнгө өгөхгүй, мөнчгөрөөрөө шийдэхийг чинь харъя” гээд халзагнаж байгаад хэлчихлээ. Б.Энхбаяр яаж зүгээр байхав, “Жавхлангаас мөнгө гуйж Жавхланг шалгана гэж байхгүй ээ, ард түмнээсээ хандив босгож байгаад Хөгжлийн банкны луйврыг хянана, илчилнэ” гээд цохиод авахын дайтай цодхийтэл дуугарчихлаа. Үнэндээ бол Жавхлан бас нэлээн өндөр мөнгөн дүн зээлээд бултсан зээлдэгч юм л даа. Энэ хоёр хүнийг ингэж үг шидэлцэж байх зуур ард нь 33 тэрбумын зээлтэй Дамдинням, Амартүвшин, Ганхуяг нар инээд алдаад нуугдаад суусан байлгүй дээ. Б.Энхбаяр “Ард түмнээсээ хандив гуйж байгаад ч хамаагүй Хөгжлийн банкны луйврыг шалгана” гэж чуулган дээр хэлснээрээ өөрөө анзааралгүйгээр энэ асуудлыг ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ардын зам дээр хөтлөөд гаргаад ирлээ.
Ард түмэн ба зээлдэгч эрх мэдэлтнүүд гэсэн хоёр талд хуваачихлаа. За тэгээд одоо яах уу? Нээрэн Жавхлангаас мөнгө гуйж Жавхланг болон түүний найз нөхөд, танхим, ашиг сонирхол нэгтнүүдийг хамгаалж хаацайлна гэж юу байхав. Үр дүн хүлээх ч хэрэггүй, үлгэр төгсөв болох байлгүй дээ. Энхбаяр хэзээ хандивын аян өрнүүлэхийг хүлээнэ ээ, зориг зорилго нь байгаад, хандивын аян өрнүүлээд эхэлбэл дэмжинэ.
Тэр энэ үг болоод үйлдлээрээ тэмцлийн өөр хэлбэрт шилжиж буйгаа анзаараагүй байж болно. Гэхдээ тэмцэж чадаж байгаа хүнийг дэмжээд зүтгэх ард түмэн ямагт байдаг гэдгийг сануулъя. Энхбаяр хандив цуглуулж, эгэл олны дэмжлэгээр эрх мэдэлтнүүдийн луйвартай тэмцээд эхэлбэл Жавхлан тэргүүтнүүд нуугдах газаргүй болох учиртай. Тэр цагт Хөгжлийн банкны асуудал төрийн луйварчидтай нэгийгээ үзэж, нэмэр чимгийг нь хуулах хамгийн том хөшүүрэг болж таарна. Харин цучил атгаж яваа Энхбаяр цурманд орчихов уу, яав, хүлээнэ эээ.