Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын удирдамжийн дагуу арилжааны банкуудаас аж ахуй нэгж, иргэдэд олгож буй зээлийн шимтгэлийн хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар арилжааны банкууд иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх банкны үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банкинд холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны аргыг хэрэглэсэн нь тогтоогдсон тул “Ариг банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК тус бүрийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаварыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн.
Гэвч нэр бүхий арилжааны 9 банкнаас уг шийтгэл, албан даалгаварыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авахаар болсон талаар ШӨХТГ-аас мэдээллээ.