УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр цагдаагийн байгууллагын ажилтнуудтай холбоотой асуудал хөндөгдөв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Замын цагдаа нар маш бага цалингаар ямар хүнд ажил хийж байна вэ?
Тэрбээр “Тэтгэврийн насанд хүрсэн бол төрийн албанд ажиллахгүй гэдэг дагах хууль орж ирж байна. Үүнийг заавал цагдаа дээр хэрэглэх хэрэг байна уу? Цагдаа дээр үйлчлэхгүй гээд тодотгож болохгүй юу?
Хойд хөрш цэрэг, цагдаа дээрээ тусгай дэглэм барьдаг. Энэ хүмүүсийн сэтгэл зүй маш өөр. Өсвөр настай байхаас нь эхлээд цэрэгжилт, хандлага бэлтгэл нь өөр явагддаг.
Эдгээр хүмүүсийг хэр баргийн алдаан дээр нь дөрөөлж ажлаас гаргадаггүй. Тэд тусгай бэлтгэгдсэн хүмүүс учраас янз бүрийн гэмт бүлэглэлийн гишүүн болоод явчих асуудал бий. Иймээс тэднийг хүчээр төрд ажиллуулж байдаг бодлого бий.
Цар тахлын хоёр жилийн хугацаанд цагдаа нарыг нохойд барьдаг мод болголоо. Тэдний цалин хөлс ямар билээ? Иргэддээ хүчээр тулгаад байна. Замын цагдаа нар маш бага цалингаар ямар хүнд ажил хийж байна вэ? Стресстэй иргэдтэй нүүр тулж байгаа нь замын цагдаа нар. Иргэд ч бас замын цагдаа нарыг хүн гэдгээр нь ойлгож, хүндэтгэлтэй хандмаар байна.
Цагдаагийн дарга нар хар машинд суугаад дотоод станцаараа татуулдгаа болимоор юм. Би өөрөө машинаа барьдаг учраас сайн анзаардаг. Харж байхад цагдаагийн дарга нарын хар машин их татуулдаг. Бухимдал, түгжрэл үүсгэдэг”
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Тэтгэвэрт гарсан албан хаагчдыг цаашид төрийн албанд ажиллуулахгүй гэдэг зохицуулалт хууль зүй, дотоод хэргийн салбарт зохихгүй
Тэрбээр “Цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүх шинжилгээний алба зэрэг газарт хүний нөөцийн асуудал тулгамдаж байна.
Засгийн газрын гишүүний биш УИХ-ын гишүүний байр сууриар нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй байна. Тэтгэвэрт гарсан албан хаагчдыг цаашид төрийн албанд ажиллуулахгүй гэдэг зохицуулалт хууль зүй, дотоод хэргийн салбарт зохихгүй.
Сонсогч буюу дараагийн боловсон хүчнээ бүрэн бэлдэж чадахгүй байхад, Дотоод хэргийн сургуульд 4-5 жил сургаж, хэрэг мөрдөх чиглэлээр 20 жил ажиллуулаад 42, 43 нас хүрэхээр нь тэтгэвэрт гаргаж байгаа нь харамсалтай.
Тухайн хүнд сонголтыг нь өгмөөр байна. Үргэлжлүүлж ажиллах боломжтой гэвэл 36 сарын тэтгэмжийг өгөхгүйгээр тэтгэвэр тогтоолгоод, тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэлт зохицуулалтын хүрээнд 5-10 жил өөрийнх нь хүсэлтээр ажиллуулмаар байна. Ингэвэл манай салбарт 400 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүсэж, шинэ хүн сургаж авахаас илүүтэй аль хэдийн мэргэшсэн хүмүүсээ ажиллуулах нь илүү үр дүнтэй”