ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хошин шогийн жүжигчдийг алиалагчид хэмээсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Тэрбээр сошиал хуудастаа “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдогоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсоны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар суртачилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй” хэмээсэн байв.
Түүний энэхүү цахим хуудсандаа илэрхийлсэн посттой холбоотойгоор хошин урлагийн жүжигчдийн төлөөлөл болох Б.Онон, Н.Ариунболд нар түүнийг албан ёсоор уучлалт гуйхыг шаардав.
Жүжигчин Б.Онон “Хошин урлагийхныг алиа салбадай гэж доромжлохыг зөвшөөрөхгүй. Төрийн өндөр албан тушаалтан, нэг ёсондоо төр нь иргэдээ ажил мэргэжлээр нь доромжлоод сууж болохгүй. Шүүмж, доромжлол хоёр асар их ялгаатай. Төрийн хүн ямар үг хэлэхээ мэддэг байх ёстой. Төрийн албан тушаалтан хүн хүнийг эрхэлсэн албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуулийг зөрчиж байна. Хошин урлагийнхан сонгуулиар ажилладаг л гэж байна. Үүнийгээ намынхаа дарга нартаа л хэлэх хэрэгтэй. Намайг Ерөнхийлөгчөөс шагнал авсан гэж байна, түүнийгээ Ерөнхийлөгчөөс асуу. Би тэр шагналыг авна гэж гуйгаагүй, гүйгээгүй. Хэрэв миний дүү байсан бол үсэртэл нь алгадмаар байна”
Жүжигчин Н.Ариунболд “Үнэхээр алиа салбадай юм бол бид нарын диплом дээр жүжигчин биш “алиалагч” гээд бичих хэрэгтэй. Албан ёсоор уучлал гуйхыг шаардаж байна. Хошин урлагийнхан өвчтэй, зовлонтой иргэдийнхээ эмчилгээнд зориулж хандивын олон тоглолтуудыг хийсээр ирсэн, хийх ч болно. Тэр тоглолтуудыг үзэж байгаа иргэд юу болох вэ. Гэмтэй хүн гэлбэлзэж, гэмгүй хүн жаргаж үздэг урлаг шүү дээ” гэжээ.
Харин П.Сайнзориг IKON.MN сайтад өгсөн тайлбартаа “Хүний ярианы хэллэг, хүйсийн чиг баримжаа, ядуу ч байдаг юм уу тодорхой хэмжээний харагдах байдлаар нь доромжлох үзэгдэл их байна.
Ийм байдлыг хэвийн юм шиг ойлгодог болсон. Урлаг энэ байдлыг хэвийн юм шиг харагдуулж, ийм ойлголтыг хүүхэд, залуучуудад өгч болохгүй гэдэг зүйлийг бичсэн. Урлаг гэдэг зүйл ёс зүйтэй байх ёстой. Хүнд сэдвүүдийг хөндөж байгаа бол үзэгчдэдээ хэлж, тодорхой үзэгчтэй тайзан дээр тавих нь зөв.
Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, youtube суваг дээр тавьж байгаа бүх зүйл нь архидалт болон бусад юмсыг хэвийн мэт хошин шогийн байдлаар үзүүлж байна. Энэ нь зөв биш гэдгийг урлагийнхан ойлгож хүлээж аваасай. Агуулга дээрээ анхаараасай гэдэг санаагаар урлагийнхантай холбоотой зүйл бичсэн. Нэр зааж, аливаа этгээдийг доромжилсон зүйл байхгүй.
Хэл ярианы ялгаварлан гадуурхалтад хөдөө орон нутгийн оюутнууд өртөн, сэтгэл санааны хямралд орж сургуульдаа явахгүй байх тохиолдол гардаг талаар телевизээр гарч байсан. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Хамтдаа нийгмийн ойлголт, сэтгэл зүйг өөрчлөх хэрэгтэй байна.
Өвөр Монгол бүсгүй цахим орчинд бас хэл яриагаар нь ялгаварлан гадуурхаж буй талаар цахим орчинд ярьсан байсан. Тухайн хүний онцлог, зан заншлыг бид хүндэтгэх учиртай. Энэ бүх байдлыг хэвийн юм шиг үзэж байгаа нь нийгмийн олон сөрөг үзэгдлийг авчирч буй учраас энэ талаар би бичсэн” гэжээ.
3 comments
Ene hun ulsad yu hiisen hun be uuruu uuriinhuu tuluu udii hurtel jujiglesen salbadai chmd asuugdaj bdg hun bhu
Сонгуулиар аль мөнгө өгсөн хүмүүсийн талд жүжиг тавьдаг. Ядаж эх орныхоо төлөө юм хийчих сэтгэлтэй, чадалтай, чадвартай хүнд нь үнэ хөлсгүй ч гэсэн яваад өгдөг болоосой!
Хошин шогоор баяжсан шүү та нар, Улс эх оронд юу хийв, юу төлөв????