Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, санхүүгийн болон бараа, түүхий эдийн зах зээл дэх тогтворгүй байдал өсөж, дэлхийн эдийн засгийн орон зай тэр дундаа олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний дүрэмд харшлах төрөл бүрийн нэг талын хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас хуваагдаж буй өнөөгийн нөхцөлд Евразийн бүс нутгийн интеграци нь улам их чухал ач холбогдолтой болж байна.
Зөвлөлтийн дараах орон зайн Орос, Армен, Беларусь, Казахстан, Киргиз гэсэн таван улсаас бүрдэх Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хэмээх интеграцийн нэгдэл нь 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа эрхэлж байна. Эдийн засгийн холбоог Евразийн эдийн засгийн нийгэмлэг (ЕврАзЭС), Гаалийн холбоо, Эдийн засгийн нэгдсэн орон зай зэрэг гишүүн орнуудын хуримтлуулсан харилцан үйлчлэлийн туршлага дээр үндэслэн үүсгэн байгуулсан боловч үүний зэрэгцээ ЕХ болон ДХБ зэрэг дэлхийн шилдэг туршлагыг мөн харгалзан үзсэн юм.
ЕАЭЗХ-ны тухай гэрээний дагуу тус холбооны үйл ажиллагааны гол үүрэг нь гишүүн орнуудын ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад оршино. Өдгөө ЕАЭЗХ нь 184.3 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд Холбооны гишүүн орнуудын нийт ДНБ нь 2 их наяд ам.долларыг давжээ.
Та бүхний мэдэж буйгаар найрсаг бус хэд хэдэн улс орнууд нь ОХУ болон Беларусийн эсрэг өргөн хүрээний хууль бус хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авсан боловч тус Холбоо нь урьд өмнө байгаагүй энэхүү хүндхэн дарамтыг хамтын хүчин чармайлтын ачаар амжилттай даван туулж байна. ЕАЭЗХ-ны хүрээнд авч буй хариу арга хэмжээнүүд нь Холбооны гишүүн орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд, оролцогч орнуудын бизнес эрхлэгчид, ард иргэдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. ЕАЭЗХ-ны худалдааны урсгалыг дахин хуваарилсны үр дүнд түүний гадаад худалдааны эргэлт дэх Европын холбоо болон Хойд Америкийн эзлэх хувь мэдэгдэхүйц буурч, харин худалдааны сул орон зайг эзэлсэн Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл болон АПЕК-ийн бүс нутгийн орнуудын эзлэх хувь эсрэгээрээ ихэд нэмэгджээ.
Юуны түрүүнд Холбооны гишүүн орнуудын эдийн засгийг долларгүй болгох зорилт тавигдаж байна. ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хоорондын төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийн эзлэх хувь аль хэдийн 75 хувьд хүрчээ. Мөн хүнсний аюулгүй байдалд ч нэлээд анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар таван гишүүн орон нь хүнсний болон хөдөө аж ахуйн хэд хэдэн гол нэр төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ өөрсдийн үйлдвэрлэлийн хүчин чадлаар бүрэн хангаж байна. Үүний зэрэгцээ ЕАЭЗХ нь дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон экспортлогч юм.
ЕАЭЗХ анхнаасаа цэвэр эдийн засгийн чиг баримжааны холбооны хэлбэрээр байгуулагдаж, хөгжиж ирсэн билээ. Түүний чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйл нь эдийн засгийн үр нөлөө юм. Холбооны байгууллагууд нь, түүний дотор Евразийн эдийн засгийн дээд зөвлөл нь аливаа шийдвэрийг зөвхөн зөвшилцлийн үндсэн дээр гаргадаг ба гишүүн улс бүр эдийн засгийн чадавх, хүн амын тоо, Холбооны төсөвт төвлөрүүлэх гишүүнчлэлийн татварын хэмжээ зэргээс үл хамааран нэг саналтай байдаг.
Статистик мэдээллээс харахад Холбоон дахь гишүүнчлэл нь оролцогч орнууддаа ихээхэн тус нэмэр авчирдаг ажээ. Тухайлбал, 2015-2022 онуудад ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын ДНБ нийтдээ 9.6 хувиар өссөний 0.7 хувийг Евразийн интеграцчлал бүрдүүлсэн. Энэхүү хугацаанд Холбооны гишүүн орнуудын ард иргэдийн сарын дундаж нэрлэсэн цалин нэмэгдэж, боловсруулах аж үйлдвэрийн үзүүлэлтүүд болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц 107.4-аас 135.7 тэрбум ам. доллар хүртэл, барилгын ажил 135.5-аас 166 тэрбум ам.доллар хүртэл, ачаа эргэлт 5786.5-аас 6419 тэрбум тонн-километр хүртэл, үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 29 хувиар буюу 276.5-аас 356.8 тэрбум ам. доллар хүртэл өссөн байна. Харин харилцан худалдааны хэмжээ 45.6-аас 73 тэрбум ам.доллар (+60%), гадаад худалдаа 579.4-өөс 846.3 тэрбум ам.доллар (+46%) болж өсжээ.
ЕАЭЗХ-ны өнөөгийн үйл ажиллагаа нь «Евразийн эдийн засгийн интеграчлалыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийн чиглэлүүд»-ийн заалтуудад түшиглэдэг. Энэхүү Стратегийг хэрэгжүүлснээр бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүч гэсэн «дөрвөн эрх чөлөө»-г хэрэгжүүлэх зах зээл, цахим орон зайг бүрдүүлж дуусгах, Холбооны байгууллагуудын үр ашгийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, технологи, тэр дотроо «ногоон» технологийн ахиц дэвшилд түлхэц өгөх, эдийн засгийн интеграцчлалын шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд бүрдэнэ. Тус хөтөлбөрийн дагуу Холбоо нь Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын зарим байгууллагуудад ажиглагчийн статустай болох, мөн Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын гишүүн болж, үндсэн баримт бичгүүдэд нь нэгдэх боломжтой.
ЕАЭЗХ-ны олон улсын хамтын ажиллагаа нь эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмуудад суурилдаг. Eвразий эдийн засгийн комиссын шугамаар Аргентин, Бангладеш, Унгар, Грек, Иордан, Индонез, Камбож, Хятад, Куба, Монгол, Марокко, Молдав, Перу, БНСУ, Сингапур, Тайланд, Узбекистан, Фарерын арлууд, Чили, Эквадор зэрэг гуравдагч орнуудын засгийн газруудтай хамтран ажиллах болон харилцан ойлголцох тухай санамж бичиг болон тунхаглалуудад гарын үсэг зурсан. Уг Холбооны ажиглагч улсын статусыг Молдав, Узбекистан, Кубад олгов. АСЕАН, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгуулага, НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Евразийн хөгжлийн банк, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал зэрэг бүс нутгийн интеграчлалын нэгдлүүд болон олон улсын байгууллагуудтай бодит хамтын ажиллагаа хөгжиж байна.
ЕАЭЗХ нь Вьетнам, Иран, Сингапур, Серб улсуудтай чөлөөт худалдааны гэрээ, мөн Хятадтай давуу эрхгүй байх тухай хоёр хэлэлцээр, нийтдээ олон улсын 6 томоохон гэрээ байгуулсан. Ирантай (бүрэн хэмжээний хэлэлцээр байгуулах тухай) болон Египеттэй хийж буй яриа хэлэлцээнд ихээхэн анхаарал хандуулж, Энэтхэг Улстай давуу эрхтэйгээр худалдаа хийх тухай албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөж байна. 2022 оны тавдугаар сард Индонез Улстай яриа хэлэлцээ эхлүүлэх тухай шийдвэр гарсан. Арабын Нэгдсэн Эмират Улстай чөлөөт худалдааны бүс байгуулах нь оновчтой эсэхийг судалж байна.
Монгол Улстай чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулах нь зүйтэй эсэхийг судлах ажил хамтарсан судалгааны багийн хүрээнд үе шаттайгаар явагдаж байна. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсаас олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ болон ЕАЭЗХ-ны бусад орнуудад экспортлох гаалийн тарифыг бууруулах боломж бүрдэх юм.
ЕАЭЗХ нь Ази, Номхон далайн бүс нутгийн бусад интеграчлалын байгууллага, тухайлбал Хятадын «Нэг бүс, нэг зам» санаачилгатай нийцэж, харилцан уялдаж байна. ЕАЭЗХ-г тус санаачлагатай хослуулах үйл явц нь интеграчлалын шинэ бүтэц болох ЕАЭЗХ, ШХАБ, АСЕАН-ын гишүүн орнуудыг нэгтгэх Евразийн Их түншлэлийг бий болгох үндэс суурь болох боломжтой. Ийм интеграчлалын нэгдлийг байгуулснаар Евразийн том бүс нутагт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ хэтийн төлөв нээгдэх юм.
Эх сурвалж: Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам