-Тухайн зээлийн үндсэн төлбөр хүүг Төмөрлөгийн үйлдвэр төлж ирсэн асуудлыг шалгуулах ёстой-
Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга С.ЭНХЗОРИГТОЙ уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Засгийн газар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг төрд эргүүлэн авч, үйл ажиллагааг нь эхлүүлснээс хойш хагас жил өнгөрч байна. Үйлдвэрийн өнөөгийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Үйлдвэрийн үйл ажиллагаа зургадугаар сараас эхэллээ. Бид тавдугаар сард үйл ажиллагаагаа яаралтай эхлүүлэх гэж үзсэн ч Прокурорын байгууллагаас зогсоосон. Мөн дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ ханш огцом унасан 6-8 сард үйл ажиллагаа зогссон. Бүтээгдэхүүний үнэ ханш олон улсын зах зээл дээр огцом унасан учраас борлуулалтын орлого төдийлөн сайнгүй байна.
-Санхүүгийн нөхцөл байдлыг хувийн хэвшилд шилжсэн болон төрд буцаан авсан цаг үетэй харьцуулан дүгнэж хэлэхгүй юү?
-“Кью Эс Си” компанийн Концессын гэрээний удирдлагын үед буюу 2014-2022 онд нийтдээ 1.54 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байдаг. Концесс эзэмшигч компанид үйлдвэрийг хүлээлгэж өгөх үеийн санхүүгийн байдлын тухайд, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлангаар эргэлтийн хөрөнгө 84.5 тэрбум төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 90.9 тэрбум төгрөг, нийтдээ 175.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан. Үүнээс гол үзүүлэлтийг хэлэхэд бэлэн мөнгө болон харилцах дансны үлдэгдэл нь 1.1 тэрбум төгрөг, авлага нь 17.7 тэрбум төгрөг, нийт өр төлбөр нь 136.9 тэрбум төгрөг байсан. Харин орлогын тайлангаар 93.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 7.2 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай санхүүгийн эрүүл үзүүлэлттэй компанийг төр хүлээлгэн өгсөн байдаг.
“Кью Эс Си” компаниас төр үйлдвэрээ буцаан авах үед буюу 2022 оны нэгдүгээр улирал гэхэд үйлдвэрийн өр 645.1 тэрбум төгрөг, авлага нь 397.1 тэрбум төгрөгт хүрсэн байсан. Төрөөс 137 тэрбум төгрөгийн өртэй, 17.7 тэрбум төгрөгийн авлагатай компани авсан шүү дээ. Үйлдвэрийн нийт хөрөнгийн дүн 719 тэрбум төгрөгт хүрсэн гэж санхүүгийн тайланд тусгасан ч санхүүгийн хувьд маш их доголдолтой, үндсэндээ эдийн засгийн хувьд дампуурсан компанийг төрд хүлээлгэж өгсөн.
Төрд шилжүүлэн хүлээж авахад агуулах бараа материалын үлдэгдэл байхгүй, татан авалтгүй зогссон, урьдчилгаа төлбөрөө төлөөд бараа, материал захиалсан хэр нь үлдэгдэл 80-90 хувь, эсвэл 100 хувь төлөөгүй гэх мэт асуудлууд хуримтлагдсан байсан. Гангийн цогцолбор үйлдвэрийн талаар айлын тал ярьдаг. Гэвч энэ үйлдвэрийг барихаас илүүтэйгээр маш хурдан ашиг олох сонирхол байсан гэж шууд харагдаж байгаа. Концесс эзэмшигчид өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн техник технологи, машин механизмд засвар үйлчилгээ хийгээгүй, сэлбэг хэрэгсэл, бараа материалын татан авалтыг зогсоосон байсан тул төр тоноглол, машин механизмуудад засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон.
-Уурхайн маш олон тоног төхөөрөмжийг “Кью Эс Си” компани Хөгжлийн банкны барьцаанд тавьсан. Энэ компани зарим техникийг Төмөрлөгийн үйлдвэрт түрээслүүлж байсан. Техник, машин механизмын хэрэгцээгээ үйлдвэр хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Концесс эзэмшигч “Кью Эс Си” компани өөрөө өндөр үнээр түрээсийн гэрээ байгуулж Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн уурхайнуудад машин механизмыг өндөр үнээр түрээслүүлж байсан. Жишээлбэл, хүнд даацын ачааны машин, ковш, бульдозер гэх мэт машин механизм бий. Түрээсийг нь судалж үзэхэд машин механизм зогсож байхад түрээсийн зардал гарч байдаг, ажлын бүтээмж гарч байхад бүр илүү түрээс авдаг үйлдвэрт хохиролтой гэрээ байгуулсан байдаг. Үйлдвэр төрийн өмчид эргэн ирсний дараа эдгээр түрээсийн гэрээг зогсоож, үйл ажиллагаанд нь хяналт тавьсан. Шалгаж үзэхэд түрээсэлдэг машин механизмын зарим нь ажилладаг, зарим нь ажилладаггүй, ашиглалтын шаардлага хангахгүй их засвар хийх шаардлагатай болсон байсан.
Бид “Кью Эс Си” компанийн төлөөлөгчидтэй үйлдвэрүүд дээр хамт очиж, газар дээр нь хамтарсан үзлэг, тооллого хийж, техникийн км заалт болон бусад тэмдэглэгээг хийж лацдан, техникүүдийг зогсоосон. Одоо бол бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан ажиллаж байна. Мөн шаардлагатай машин, механизмын жагсаалтыг гаргаж, түрээсийн ажил үйлчилгээний тендер зарласан. Хөрс хуулалт, өрөм, тэсэлгээ, машин механизмын гэх мэт уурхайн нарийн ажиллагаанд хэрэгтэй ажлыг эхлүүлэх ажил сонгон шалгаруулалтын шатанд явж байна.
-Концессын гэрээгээр ажиллуулж байгаа үйлдвэрээсээ өндөр ашиг олдог, орлогыг нь үйлдвэрт биш өөрсдөдөө зарцуулдаг байсан. Ингээд зогсохгүй “Кью Эс Си” компани Төмөрлөгийн үйлдвэрт техникүүдээ давхар түрээслүүлж байсан нь сонин санагдаад байгаа. Техникийн түрээсийн гэрээ нь ямар агуулгатай байсан юм бол?
-Төмөрлөгийн үйлдвэр түрээслээд ашиглаж байгаа бүх машин механизмынхаа шатахууныг даана. Бүх тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл болон машин, механизмыг ажиллуулж байгаа жолоочийн зардлыг ч хүртэл даана. Ажиллахгүй сул зогссон ч түрээс төлнө, ажиллаж байвал бүр өндөр түрээс нэхэгддэг ийм сонин гэрээг Монголд ганцхан “Кью Эс Си” компани л Төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан байх. Өөр компаниуд ийм түрээсийн гэрээг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Жишээлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон уул уурхайн бусад компанийн тендерийг харж болно. Жолоочийн зардал, шатахуун, сэлбэг хэрэгсэл зэрэг бүхий л урсгал засвараа түрээслэгч тал нь хариуцдаг тохиолдол байдаг. Мотор болон кроп солих гэх мэт томоохон цогц үйлчилгээг хэрхэх вэ гэдгээ хоёр тал тохиролцдог, ийм нөхцөлтэй гэрээ байгуулагддаг. Тэгтэл энэ бүгдийг Төмөрлөгийн үйлдвэр дааж, Концесс эзэмшигч “Кью Эс Си” компанид төлж ирсэн. Төмөрлөгийн үйлдвэрт “Кью Эс Си” компани машин, механизм түрээслэх нь ашиг сонирхлын зөрчил мөн ч энэ төлбөрийг тус компани “Хоорондын тооцоо” гэдэг нэрээр шилжүүлж авдаг байсан юм билээ. Энэ бол Төмөрлөгийн үйлдвэрт ашиггүй, үйлдвэрийг хохиролд хүргэх гэрээ байсан учраас зогсоосон. Яагаад гэвэл, түрээсийн төлбөр хоног тутамд бодогдож байсан.
-Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр банкнаас зээл авсан ч үйлдвэрт ашиглаагүй, “Кью Эс Си” компани өөртөө татаад авчихсан ийм зөрчлүүд мөн хөндөгдөж байсан. Банканд тавьсан өр ширний асуудал яаж шийдэгдэхээр байгаа вэ?
-Төмөрлөгийн үйлдвэрийг төр мэдэлдээ авахдаа 438 тэрбум төгрөг, 80 орчим сая ам.долларын, нийтдээ 550 орчим тэрбум төгрөгийн банкны өртэй хүлээж авсан. Төгрөгийн болон валютын хоёр зээлийг судлаад үзэхээр Төмөрлөгийн үйлдвэрт бараг хэрэггүй зээл их хэмжээгээр авсан байна. Зээл яг Төмөрлөгийн үйлдвэрийн дансанд орж ирсэн ч эргээд “Кью Эс Си” компани руу өдөртөө ч юм уу, өнжөөд “Хоорондын тооцоо” гэсэн утгаар шилждэг байсан. Зээлийн зарим хэсгийг Төмөрлөгийн үйлдвэрт зарцуулаагүй. Энэ “Кью Эс Си” гэдэг компанийн үйл ажиллагааг дэмжсэн, мөнгө угаасан маягийн зээл болж харагдаж байгаа. Төмөрлөгийн үйлдвэр нийт 511 тэрбум төгрөгийн банкны зээлийн асуудлыг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад хандсан. Энэ зээлийг Төмөрлөгийн үйлдвэр төлөх учиргүй гэсэн гомдлоо бид “Кью Эс Си” компани болон ХХБ, Улаанбаатар хотын банканд холбогдуулан хуулийн байгууллагад гаргаж өгсөн. Үүнээс гадна “Кью Эс Си” компани “менежментийн төлбөр” гэдэг нэрээр Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 130 орчим тэрбум төгрөг гаргуулж авсан байдаг. Ийм гэрээ байгуулж, маш их хэмжээний мөнгийг тухай бүр, сар, улирал тутам татан авч ирсэн юм билээ. Энэ хөрөнгөөр Төмөрлөгийн үйлдвэр ямар ажил, үйлчилгээ авсан бэ, ямар менежмент хэрэгжиж, үйл ажиллагаа нь яаж сайжирсан бол гэдэг талаас харахаар ямар ч баримт гарч ирдэггүй юм.
Менежментийн гэрээ дүгнэсэн нэг хуудас акт бүхий цаас бий. Менежментийн үйл ажиллагаа сайн явагдсан уу гэдэг агуулгын ард “зөв” тэмдэглэгээ хийсэн ийм хуудас олдсон. Энэ нь “Кью Эс Си” компани болон энэ компаниас томилогдсон Төмөрлөгийн үйлдвэрийн захирал хоёрын дунд байгуулагдсан акт дүгнэсэн баримт. Энэ хоёр хүний гарын үсэгтэй. Бодит байдал дээр Төмөрлөгийн үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт, үүнд зарсан зардал байхгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нөгөө талаар Концессын гэрээнд менежментийн гэрээтэй холбоотой тусгайлсан заалт байдаггүй учраас 130 тэрбумыг нэхэмжилж байгаа.
-Төмөрлөгийн үйлдвэр “Кью Эс Си” компанийн мэдэлд байсан найман жилд төр, үйлдвэр хоёр хэчнээн төгрөгийн хохирол амссан гэж үзэж байна вэ?
-Шууд хэлэх боломжгүй. Хохирлын хэмжээг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэнэ. АТГ дээр хэрэг шалгагдаж байгаа. Энд төрд учруулсан хохирол бүрэн тооцогдох байх. Төмөрлөгийн үйлдвэрээс томилогдсон ажилтнууд болон Төрийн өмчийн асуудал хариуцсан газар, ТУЗ-ийн гишүүд энэ хэрэгт хохирогчоор оролцоод явж байна. Бодитой үе шаттай нэхэмжилж байгаа мөнгө хөрөнгө бол 511 тэрбум төгрөгийн банкны зээл, Концессын гэрээний дагуу Менежментийн үйлчилгээ үзүүлсэн гэрээ гэгчийн дагуу “Кью Эс Си” компани руу гарсан 130 тэрбум төгрөг. Түүнчлэн 112 тэрбум төгрөгийн татварын өрийг нэхэмжилж авах талаар гомдол гаргасан.
Концессын гэрээнд татварын өр төлбөр болон бусад зардлыг Концесс эзэмшигч 100 хувь бүрэн хариуцах асуудал тусгагдсан байгаа учраас татварын өрийг “Кью Эс Си” компани бүрэн хариуцах ёстой. Гэвч энэ компани их хэмжээний хуримтлагдсан татварын өр үлдээсэн. Мөн Төмөрлөгийн үйлдвэр 2021 оны жилийн эцэст 40 тэрбумын цэвэр ашигтай ажилласан гэж санхүүгийн тайландаа бичсэн боловч энэ ашгийн 40 тэрбум төгрөг дансанд байгаагүй. Санхүүгийн тайлангаар сайн үзүүлэлттэй боловч бүх мөнгийг “Кью Эс Си” компани өөртөө шилжүүлээд авсан. Ер нь бол яаж ч бодсон их хэмжээний татварын өртэй байгаа компани 40 тэрбумын цэвэр ашигтай ажиллах боломжгүй. Татварын өрөө төлөхгүй, бодит бус санхүүгийн тайлан гаргаад явж байсан гэсэн үг.
-Зөвшилцөж асуудлаа шийдэцгээе гэх мэт санал ирж байх юм уу, “Кью Эс Си” компаниас?
-Хоёр талаасаа уулзалт зохион байгуулъя. Хоорондын тооцоо, авлага өглөгөө нийлье, машин механизмын түрээсийн гэрээг үргэлжлүүлье гэх мэт саналууд бичгээр ирж байгаа. Асуудлыг нягтлах шаардлагатай. Хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байна. Мөн банкны зээлүүдээ төлөх талаар маш их бичиг ирж байгаа.
Банкны зээлийг хэрхэн, яаж төлөх вэ. Хөрөнгө оруулалтаа яаж тооцож явах вэ гэдэг асуудлыг сонирхож байна. Бид бол Төмөрлөгийн үйлдвэрт ашиггүй үйл ажиллагаа илэрвэл зогсоож, Төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгөөр худалдаж авсан машин механизмыг үйлдвэрт түрээсэлсэн байх вий гэдэг асуудлыг анхаарч байна. Тиймээс уулзалт хийж, тохиролцох нь амаргүй ажил. Энэ бол богино хугацаанд шийдэгдэх асуудал биш.
-Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн болгоход хэр хугацаа зарцуулахаар байна?
-Энэ оны төгсгөл, ирэх оны эхний улиралд үйл ажиллагаа жигдэрнэ гэж харж байгаа.
-Ийм зорилттой байна гэдэг бол оны сүүлийн улиралд нэлээд шахуу ажиллана гэсэн үг үү?
-Монгол Улсад байдаг томоохон хэмжээний гангийн ганц үйлдвэр бол манайх. Арматур болон төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бусад жижиг хэмжээний үйлдвэр байдаг ч дийлэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд. Тиймээс бид өр зээл, маргаанаа шийдээд, машин механизм, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээг хийж, үйлдвэрлэлийн ажиллагааг яаралтай хэвийн болгохыг хичээж байна. Юуны түрүүнд борлуулалтаа эрчимжүүлэхэд анхаарч байгаа. Гэрээний нөхцөлүүдээ эргэн харж, бүтээдэхүүний үнэ бодох аргачлал, судалгаанд суурилж, худалдааны гэрээний драфтаас эхлээд ирж, явж байгаа албан хүсэлт, албан бичгийг нэг стандартад оруулж, борлуулалтыг нэмэгдүүлэх тусгай мэйл хаяг, пос ажиллуулж, гадаад харилцагчидтай шуурхай холбоо тогтоож, хүсэлтийг нь албан бичгээр авч, хариуг шуурхай өгч эхэлсэн.
-Төр үйлдвэрийг хүлээж аваад өндөр үнэ тогтоосон, бүтээгдэхүүн нийлүүлэхээ байсан гэсэн яриа гараад байна. Энэ асуултад өгөх хариулт сонин байна?
-Ийм яриаг зориуд гаргасан гэж харж байгаа. Яг бодитоор харвал төмрийн хүдрийн зах зээлд хил гаалиас эхлээд ачааны вагоны эргэлт, төмөр замын хүчин чадал, коронавируст цар тахал зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. Коронавируст халдвараас шалтгаалан хил, гааль болон Эрээн боомтын нөхцөл хүндэрлээ. Өнөөдрийн байдлаар Эрээн боомт өдөрт 1-3 вагоны цуваа төмрийн хүдрийг хүлээж авч байгаа боловч зарим өдөрт авахгүй, 0 зогсолттой байна. Төмрийн хүдрийн вагоны цуваа хүлээж авах нь багассан учраас тасалдал, доголдол үүссэн. Нөгөө талаар Эрээнд тогтоосон хөл хорионы улмаас банкуудын олон удаа үйл ажиллагаагаа зогсоосон гэсэн мэдээлэлтэй байгаа. Хятад харилцагчид мөнгөө шилжүүлье гэхээр банк ажиллахгүй, банканд мөнгө нь түгжигдсэн, гэрийн хорионд хүнд байдалтай ажиллаж, амьдарч байна.
Манайх төмрийн хүдрийн зах зээлийн үнэ ханшаа “Standard & Poor’s” биржээс авдаг. Эндээс Чиндао, Тяньжин зэрэг Хятадын портууд мөн үнэ авдаг. Бид энэ биржийн үнэд тулгуурлан уурхайн амнаас ачих нөхцөл болон Эрээн нөхцөлийн үнээ гаргадаг. Тонн нь 160-170 ам.долларын үнэтэй байсан бүтээгдэхүүн одоогоор 80-90 ам.доллар болтол унасан. Эрэлт, нийлүүлэлт буурсан энэ үед борлуулалт үндсэндээ зогссон байна.
-Концесс эзэмшигчдийн бүтээн байгуулсан Нойтон баяжуулах үйлдвэрийн асуудал мөн анхаарал татаж байгаа. Энэ үйлдвэр өнөөдөр ажиллаж байгаа юу. Үйлдвэрийн хүчин чадал цаг үедээ гологдохооргүй байж чадах уу?
-Нойтон баяжуулах үйлдвэр 2014 онд ашиглалтад орсон. Жилд нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэдэг юм. Гэсэн хэдий ч 2019 он хүртэл нэг ч үйлдвэрлэл явагдаагүй. Харин 2019-2021 онд 360 орчим мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргасан байдаг. Жилд нэг сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бол 2014-2021 он хүртэл бараг 7-8 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх ёстой. Гэвч ердөө 360 мянга гаруй тонныг л үйлдвэрлэсэн. Энэ үйлдвэр төрд хүлээлгэж өгөхийн өмнө зогссон байсан. Яагаад гэвэл анхнаасаа батлагдсан зураг, төсөвгүй янз бүрийн брэндийн тоноглолтой үйлдвэр байгуулсан. Тоног төхөөрөмжүүд нь уяалдаа холбоо байхгүй, ерөнхийдөө зарим хэсгийг ажиллуулахын тулд тоноглолуудыг өөрчилж монголчилсон, суурь нь хүртэл стандартын дагуу хийгдээгүйгээс шалтгаалаад ажиллахгүй байгаа талаар инженер техникийн ажиллагсад ярьж байгаа. Тоног төхөөрөмжүүдийн уялдаа холбоо тасалдсанаас болоод доголдолд орсон ийм Нойтон баяжуулах үйлдвэрийг төр хүлээж авсан гэсэн үг.
Ийм үйлдвэрийг хөрөнгө оруулалт гэж үзэхэд хүндрэлтэй учраас бид Нойтон баяжуулах үйлдвэрт хөндлөнгийн аудит хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Яагаад гэвэл, хүчин чадлын хувьд жилд нэг сая тонныг үйлдвэрлэх өндөр үзүүлэлттэй хэрнээ бодит байдалд жилд 100 орчим мянган тонныг л үйлдвэрлэсэн байгаа юм. Хүчин чадлын хувьд бага гарцтай, эдийн засгийн хувьд зардал ихтэй, ийм том үйлдвэрийг ажиллуулах нь үр ашиггүй. Бараг ашиггүй шахуу үйлдвэр гэсэн үг. Хэрвээ аудит “Үйлдвэрийн үр өгөөж нь ашиггүй” гэсэн дүгнэлт гаргавал энэ хөрөнгө оруулалтыг буцаан нэхэмжлэх асуудал ч яригдаж магадгүй. Ер нь “Кью Эс Си” компани үйлдвэрийг удирдахдаа төмрийн хүдрийн баяжмалыг түүхийгээр экспортлоход л анхаарсан байдаг. Нийтдээ “Кью Эс Си” компани найман жилийн хугацаанд 11 сая тонн орчим түүхий төмрийн хүдрийн бүтээгдэхүүнийг худалдаж, 1.1 их наяд орчим төгрөгийн борлуулалтын орлого олсон. Энэ бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр борлуулсан бол ашиг нь нэмэгдэх боломжтой байсан.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН