“Зууны мэдээ” сонин “Миний монгол” буландаа Швейцарын Женев хотод 15 жил ажиллаж, амьдарч буй Д.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Яагаад энэ улсыг сонгож амьдрах болсон талаар ярилцлагаа эхлэе?
-Намайг зургадугаар ангид байхад манай газарзүйн багш Швейцар улс Монголтой ижилхэн дөрвөн улиралтай гээд газрын зураг дээр зааж байсан. Уур амьсгал, хүрээлэн буй орчин нь манай улстай ижил гэдгийг сонсоод энэ улсад л амьдарна гэж бодож эхэлсэн. Анх 2000 онд “Ээж хад”-нд хүслээ шивнэхдээ “Швейцарт амьдруулаад өгөөч” гэж залбирсан. Үүнээс долоон жилийн дараа хүсэл минь биелсэн. Энд цас бороо, уул ус нь эх оронтой минь ижил санагддаг. Гэхдээ хууль нь их чанга. Тиймээс иргэд нь хуулиа дээдэлдэг. Онгоцноос буугаад л нэгэнт энд ирсэн юм чинь эдгээр хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах ёстой гэж бодсон. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэгтэй адил. Хүн эх орныхоо хил даваад л гадны соёлоор амьдардаг юм билээ. Бүх зүйл нь нарийн тогтсон цагтай. Тухайлбал, өглөө 06:00-09:00 цагийн хооронд гурван минутын зайтай автобус явдаг.
-Мэдээж гадны соёлоос их зүйл суралцдаг байх. Одоогоор та Женев хотод ямар ажил эрхэлж байна?
-Миний амьдарч байгаа хот Францтай хил залгаа болохоор Францын хот гэж явдаг. Мөн иргэд нь францаар ярина. Би одоогоор герман хүүхдүүдийн сургуульд найм дахь жилдээ багшилж байна. Гар урлал, биеийн тамир, эрүүл хооллолтын талаар хичээл заадаг. Бид дуртай хоолоо биш хэрэгтэй хоолоо идэх хэрэгтэй. Мөн шим тэжээлтэй хоол идэх талаар зургаан наснаас нь эхэлж зааж байна. Женевт уур амьсгал нь чийглэг болохоор иргэд нь өдөр бүр шинэ ногоо, тараг сүү хүүхдүүддээ өгөх жишээтэй. Мөн харшилтай хүүхдүүдээ тусгай хоолоор хооллодог. Миний хувьд найман наснаасаа хоол хийж эхэлсэн. Бага байхад ээж маань гурил их хэмжээгээр авч өгдөг байв. Түүгээр нь би талх болон гурилан бүтээгдэхүүн хийдэг байлаа. Энэ үеэс л эрүүл хооллолтыг сонирхож судалж эхэлсэн. Мөн энэ оронд ирснээр илүү туршлагатай болсон. Эрүүл хооллолт нь гэдэсний үйл ажиллагаа сайжруулдаг давуу талтай. Би өөрийнхөө сурч мэдсэнийг баталгаажуулж, эрүүл хооллолтын чиглэлээр монгол ээжүүдэд онлайн хичээл заадаг.
-Таны зааж буй хичээлийн гол онцлог юу вэ?
-Өнгөрсөн хавраас ээжүүдэд зориулж сургалт эхлүүлсэн. Монголд цагаан гурил, сүү, мах муу гэсэн ташаа ойлголт бий. Миний хувьд зөв хооллолтын тухай 10 гаруй жил сошиалд пост оруулж, үнэгүй хичээл заасан. Гадаадад амьдарч байгаа хүн Монголоороо амьдарч болоод байна. Харин монголчууд гадаадад байгаа юм шиг амьдраад буйг нь өөрчлөхийг зорьсон. Олон зөвлөгөө мэдээллийг маань уншдаг хүн байдаг ч хэрэгжүүлдэг нь тун ховор. Тиймээс онлайн хичээлээ төлбөртэй болгосон. Хичээлд маань хамрагдаж буй ээжүүдээ хянаж, заавар зөвлөгөө өгөөд явах нь илүү үр дүнтэй. Эмэгтэй хүн гоё хоол хийснээр гал тогоо нь амилна. Хүүхдүүд нь амтгүй шөл идэж байснаас чанарлаг, амттай хоол идэх хэрэгтэй. Энэ нь эдийн засагт ч хэмнэлттэй. Энэхүү сургалтаараа ээж болон хүүхдүүдийг хоолны зуршлыг өөрчилснөөр гэр бүлүүдийг илүү аз жаргалтай болгож байгаадаа итгэдэг. Одоогоор миний сургалтад 2000 гаруй эзэгтэй хамрагдсан байна. Би онлайн хичээлээ төрөл төрлөөр нь буюу өвөл мах, хавар гурил, зун сүү цагаан идээ, намар жимс ногоо гэж төрөлжүүлсэн. Мөн сургалтад хамрагдаж буй ээжүүдэд хүүхдээ эрт унтуулж, хичээл дээрээ идэх хүнсийг нь бэлдэж өгч байхыг байнга зөвлөдөг.
-Өөрийн гараар хийсэн бүтээгдэхүүнээ хараад эзэгтэй нар таны сургалтад хамрагдсандаа сэтгэл хангалуун байдаг байх даа?
-Эрүүл зөв хооллолтын хичээл маань эдийн засгийг хэмнэх, эзэгтэй нарыг сайхан хоол хийж сургах зорилготой. Тухайлбал, манай гурилын анги нэг кг гурилаар 10 хоног хоол хийдэг. Гэтэл нэг шавь маань 100 гр гурилаар 14 хүний хоол хийсэн. Тэгэхээр энэ л хэмнэлт юм. Харин сүүний ангийн шавь нартаа үнээ малгүй ч гэрийн нөхцөлд хэрхэн өрөм, цагаан идээ боловсруулахыг заасан. Сургалтад хамрагдсан сурагчид маань өдөрт гурван литр сүүгээр өрөм, тараг, ээзгий хийж байна. Өөрийн гараар хийсэн ээзгийгээ идсэн шавь маань сэтгэл их өндөр байсан. Айл гэрт гэргий нь амттай, эрүүл хоол хийдэг, завгүй байхад хэрүүл маргаан гарахгүй. Өөрөөр хэлбэл лам бөөгийн эсрэг хамгийн үр дүнтэй засал энэ юм. Мөн тоосоо арчиж, гэрээ хэрхэн цэвэрлэхийг шавь нартаа заадаг. Том мөрөөдөл, зорилгоо цэвэрхэн орчинд бодож, төлөвлөхийг зөвлөнө. Энэ нь мөн гэр бүл элэг бүтэн байхын үндэс юм. Нөхөр нь ажлаасаа ирэхэд гэр нь цэвэрхэн, гоё хоолтой, хүүхдүүд нь инээд цалгисан байвал сайхан биз дээ.
-Таны хувьд зөв хооллолтыг олон жил судалжээ. Эрүүл хооллолтын ач тусыг юу гэж дүгнэх вэ?
-Хүн зөв хооллоод ирэхээр бүх муу зүйлс гадагшилдаг. Тухайлбал, манай сургуулийн хүүхдүүд өглөө хичээлдээ ирэхдээ нэг алим, лууван, гурван хэрчим өргөст хэмх бэлдэж ирдэг. Өглөөдөө будаатай цай өгнө. 10 цагийн үед ээжийнхээ бэлдэж өгсөн хүнсээ иддэг. 11 цагт өдрийн хоолоо иддэг. Дараа талх масло ч юм уу жижиг зүйл иднэ. Харин 16 цагт жимс ногоо иддэг. 18 цагт оройны хоолоо идээд хүүхэд эрт унтах ёстой. Хүүхдүүд өглөө 06:00 цагт босоод хичээлдээ ирдэг. Тиймээс би монгол ээжүүдэд хүүхдэдээ хоолыг нь хийж өгч явуул. Мөн хамт хийж идэх хэрэгтэй гэж захидаг. Анх сургалтад хамрагдаж буй хүмүүс гурил, төмсний харшилтай гэж хэлж байсан. Мах сүү цагаан идээ иддэггүй л гэдэг. Харшил гэдэг нь гадуур чанаргүй хоол идсэнээс үүдэлтэй. Мөн хүүхэд нь харшилтай төрсөн ч хоолоор эмчилж болно. Найз маань “Эдгэх хүн өөртөө эмч, сурах хүн өөртөө багш” гэж хэлсэн. Энэ үнэхээр үнэн үг.
-Залуу ээжүүд ямар байгаасай гэж та боддог вэ?
-Өглөө босоод цайгаа чанаж, гэрээ цэвэрлээд эрүүл хооллоосой гэж боддог. Би ээжүүдэд залуу насаараа өөрийгөө гоёоорой гэж зөвлөдөг. Харин хөгширсөн хойноо ганган хувцас өмсөөрэй гэдэг. Бага зүйлд ч сэтгэл гаргах хэрэгтэй. Хувиа хичээх зангүй байх ёстой. Өнөөдөр хувиа хичээгээд явахад маргааш чамд тусламж хэрэгтэй боллоо гэхэд хэн ч туслахгүй. Эмэгтэй хүн гэрээ цэвэрлэдэг, сайхан хоол хийдэг, ажилсаг байх хэрэгтэй. Эзэгтэй хүн гэртээ гэрэлтэж байх хэрэгтэй. Мөн үсээ самна гэж байнга хэлдэг. Харин хоолны хичээлээ орохдоо хамгийн түрүүнд үсээ боо гэж сануулдаг.
-Хүний нутаг амьдардаг болохоор эх орноо их санадаг байх даа?
-Хамгийн сүүлд эх орондоо 2019 оны намар очоод хоёр сар болсон. Энэ жил явахаар төлөвлөсөн ч охин маань тэмцээнд оролцоод түр хойшлуулсан. Ирэх жил очно. Эх орноо санахгүй байхын аргагүй. Бүх зүйлийг нь санадаг. Сэтгэл минь Монголдоо л бий. Гэвч хэн нэгэн хүн хүчээр авч ирээгүй болохоор өөрөө л хариуцлагаа үүрнэ. Сошиалаар эх орныхоо мэдээллийг авч, ойр дотны хүмүүстэйгээ байнга холбогддог. Мөн гадаадад амьдарч буй ээжүүдтэй холбогдож ярилцдаг. Гадны оронд байгаа ч хэдүүлээ Монголдоо амьдарч байгаа юм шиг байна шүү гэдэг юм. Цар тахлаас шалтгаалан тэр бүр очиж чадахгүй юм. Нэгэнт л ажиллаж амьдарч байгаа учраас эх орноо бага санаарай л гэж өөртөө болон хүмүүст хэлдэг. Саналаа гээд зоргоороо явж болохгүй. Учир нь энд ирсэн үүрэг хариуцлагаа ухамсарлана.
-Цаашдын зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-.Аав маань бидэнд хөдөлмөрч байхыг сургасан. Харин ээж өөрөөрөө үлгэрлэж ажилсаг байхыг заасан. Энд сууршиж амьдраад их зүйл суралцсан гэж боддог. Тухайлбал, сайн муу хүн байдгийг мэдэж авсан. Монгол хүн сэтгэлгээ өндөртэй байдаг. Тиймээс монгол гэр бүл, хүн бүхэн жаргалтай байгаасай гэж хүсдэг. Миний амьдралын зорилго биелсэн. Учир нь үр хүүхэд, ах дүүс маань эрүүл, сайхан амьдарч байна. Гэртээ таван ам бүлээ сайхан авч явж байгаа хүн гадаа гараад 50 хүн авч явж чадна. Цаашид сургалтаа өргөжүүлнэ. Мөн хувцас засварын анги нээнэ гэсэн бодол бий. Энэ ангидаа ноосоор оймс, малгай нэхэхийг заана. Эдгээр зүйлүүдээ бүрэн заагаад төгс эзэгтэй бэлтгэнэ гэж зорьж байна.
Б.Нямсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин