“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” булангийн зочноор “Бундан зүрх” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Ш.Булганыг урьж, ярилцлаа.
-Сүүлийн үед эмэгтэйчүүд танай эмнэлэгт ямар асуудлаар их хандаж байна вэ?
-Ихэнх эмэгтэйд өвдөх зовуурь илэрдэггүй учраас биеэ хэвийн байна гэж бодоод эмнэлэгт үзүүлдэггүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх биш хүндэрсэн хойно нь хандах хандлага их ажиглагдаж байна. Жишээлбэл, төрөлттэй холбоотой үтрээнд бүтцийн өөрчлөлт буюу суналт, сулралт үүссэнээс шээс задгайрлын эмгэг үүсдэг. Мөн ийм эмгэгтэй болсноо нуух нь элбэг. Нийтийн унаа, гудманд найтаах, инээхэд шээс дусаж байгаа нь өвчлөл хүндэрсний илрэл. Мөн бэлгийн харилцааны дуршил буурах сөрөг үр дагавартай. Бэлгийн харилцаа багассанаас бэлгийн даавар буурна. Энэ нь сарын тэмдэг бага ирэх, өвдөх, эрт зогсох, цэвэршилтийн шинж тэмдгээр илэрдэг. Тиймээс эмэгтэйчүүд хүүхэд төрүүлсний дараа эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвдөхөөрөө биш урьдчилан сэргийлж эмнэлэгт үзүүлж хэвшээрэй.
-Төрсний дараах эдгээр эмгэгүүдийг хэрхэн эмчлэх боломжтой вэ?
-Сүүлийн үед дэлхий даяар эрүүл мэндийн байгууллагууд эмийн, мэсийн бус эмчилгээг түлхүү ашиглаж байна. Ямар нэг өвчин туссаны дараа эм хэрэглэх нь эдийн засгийн асуудалд өртөхөөс гадна эмчилгээ үр дүнтэй байдаггүй. Харин мэс засал хийлгэх нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг. Мэс заслын үед эрхтэнээ тайруулах, авахуулах гэсэн хүндрэл гарч болно. Тиймээс эрхтэн хадгалах, нөхөн сэргээх боломжтой эмчилгээг дэлхий нийтээр баримталдаг болсон. Манай эмнэлэг ч эмийн, мэсийн бус эмчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь үтрээний булчинг чангалах, төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээ юм. Эмэгтэйчүүд төрсөн л бол энэ эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Энэ нь нэг талаараа анхны төрөлтөөс үүдээд булчингийн сулрал үүссэнтэй холбоотой илэрч байгаа шинж тэмдгийн нэг. Үтрээний булчинг чангалах, төрсний дараах эмчилгээг хийлгэснээр шээс задгайрлаас гадна бэлгийн амьдрал хэвийн байна гэсэн үг. Манай эмэгтэйчүүд ч мэддэг болсон. Энэ эмчилгээ нь үтрээний булчинг чангалахаас гадна төрөлттэй холбоотой цагаан мах эргэх, өтгөн хатах, сарын тэмдгийн өөрчлөлт, үтрээний орчин өөрчлөгдөж, хуурайших өвчлөлийг эмийн бус аргаар эмчилнэ гэсэн үг.
-Эмэгтэйчүүд гэрийн нөхцөлд үтрээ чангалах бөмбөлөг хэрэглэдэг. Энэ нь хэр үр дүнтэй вэ?
-Үтрээний булчин чангалах бөмбөлөгүүдийг зохимжит хугацаанд хэрэглэхгүй бол булчинг чангалах биш цуцаад сулрах тохиолдол бий. Тиймээс эмчийн хяналтад байх ёстой. Мэргэжлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэснээр сайжирч байна уу, анх ямар байснаа цаг бүрт нь хянаад явна гэсэн үг. Тиймээс мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эмчилгээ нь үр дүн өгөхөөр байгаа эсэхээ ярилцаж шийдэх хэрэгтэй.
-Эмэгтэйчүүд жилд хэдэн удаа мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй вэ?
-Жилд ядахдаа нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Цаашлаад хорт хавдрын улмаас амь насаа алдах эрсдэлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг. Эмчийн үзлэгт хамрагдсанаар хөхний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Хөх том булчирхай учраас хавдраар өвчилсөн бол ойролцоох эрхтэндээ халдвар тараах эрсдэлтэй. Ингэснээр эмчилгээ үр дүнгүй болж амь насаа алдах тохиолдол гардаг. Тиймээс хөхний өнгө ямар байна вэ, тэмтэрч үзэхэд арьс нь хонхойсон, татагдсан, дарахад эмзэглэл байна уу гэдгийг шалгаж, зовуурь мэдэгдвэл мэргэжлийн эмчид хандах дадлыг амьдралдаа хэвшүүлэх нь зөв.
-Эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог эмгэгийн нэг нь уйланхай. Уйланхай үүсэх гол шалтгаан нь юу вэ?
-Жирэмслээгүй тохиолдолд сар бүр өндгөвчин дээр нэг өндгөн эс хагардаг. Харин жирэмслэвэл ураг тээгээд явдаг гэсэн үг. Гэтэл өндгөн эс үүсээд хагарах нь эмгэгт шилжээд алдагддаг. Үүний шалтгаан нь халдвар, үрэвсэл, доороосоо даарах, замбараагүй дааврын бэлдмэлийн хэрэглээнээс үүдэлтэй.
Жирэмсэн болох өдрөө бэлгийн харьцаанд орчихлоо гээд 72 цагийн эмийг замбараагүй хэрэглэх нь эрсдэл дагуулдаг. Эмний буруу хэрэглээ нь өндгөвчнөөс өндгөн эс гарахыг саатуулдаг. Тиймээс өндгөвчний үйл ажиллагааг хямрааж өндгөвч дээр уйланхай үүсдэг. Уйланхай үүсэхээр хэзээ ч өндгөн эс боловсрохгүй. Өндгөн эс боловсрохгүй учраас жирэмслэхгүй зэргээр сөрөг үр дагавар их бий.
Мөн өндгөвчний үйл ажиллагааг хямраадаг зүйлийн нэг бол тамхи, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ. Тамхи татсанаар биеийн бүх судсыг агшааж байдаг учраас өдөрт нэгийг татсан ч биед үзүүлэх сөрөг нөлөө нь адилхан гэсэн үг. Жишээлбэл, хүний тархины судас агшихаар сэтгэн бодох чадвар алдагддаг. Эмэгтэйчүүд жирэмслэхгүй байна гэсэн шалтгааны нэг нь мансууруулах бодисын хэрэглээ юм.
-Уйланхай үүссэн тохиолдолд ямар эмчилгээ хийвэл үр дүнтэй вэ?
-Уйланхай нь усжсан байгаа учраас эхлээд шимэгдүүлэх эмчилгээ хийнэ. Шимэгдүүлэх эмчилгээнд үр дүн өгөх эсэх нь уйланхайн бүтцээс хамаардаг. Уйланхай дотроо нэг төрлийн шингэн агуулсан, идээрхэг цустай, зузаан ханатай, таславчтай байдаг. Мөн хүндийн жинтэй, савлаж байдаг учраас гэнэт мушгирах тохиолдол бий. Энэ тохиолдолд ухаан алдах, шоконд орох эрсдэлтэй. Энэ үед мэс заслын эмчилгээ хийдэг. Үүнээс наана эмийн эмчилгээ, дааврын бэлдмэл хэрэглэнэ. Мөн умайн булчингийн зангилаа буюу хоргүй хавдар хаана байгаагаас шалтгаалж жирэмслэсэн үед зулбах нь их байдаг. Эмэгтэйчүүдийн эмгэгийн асуудал тархитай шууд холбоотой. Тархи өндгөвч, умайн үйл ажиллагааг удирдаж байдаг гэсэн үг. Бид өдөр тутамдаа нийгэм, хувийн асуудлаас үүдэж байнгын санаа зовнилыг үүсгэдэг. Энэ нь тархинд цочрол үүсэж өндгөвчний үйл ажиллагаа алдагддаг. Жирэмслэхгүй байхад хүртэл нөлөөлдөг. Тиймээс тархины үйл ажиллагаа эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд шууд нөлөөлдөг гэсэн үг.
-Хоргүй хавдар үүсэж буй гол хүчин зүйл нь юу вэ?
-35-аас дээш насны бүх эмэгтэйд булчингийн зангилаа буюу хоргүй хавдар байна. Энэ эмгэгийг үүсгэж байгаа нэг хүчин зүйл нь эмэгтэйчүүд цөөхөн төрсөнтэй холбоотой. Умай жирэмсэлж хүүхэд төрүүлэх үүрэгтэй эрхтэн. Хоргүй хавдар жижигхэн байвал жирэмсэлж төрөх нь эмчилгээ болдог. Харин сарын тэмдэг ирж байгаа хугацаанд хоргүй хавдар томорч болно. Энэ үед нь хянаад явна гэсэн үг. Мөн жирэмслэвэл дутуу төрөх, зулбах эрсдэл гардаг. Жирэмслээд үр хөндөлт хийлгэх нь хоргүй хавдар, хөхний хавдар үүсэхэд нөлөөлж байна.
Хоргүй хавдар нэгэнт үүссэн тохиолдолд томруулахгүй байхын тулд дааврын бэлдмэл, даавар агуулсан ерөндөг хэрэглэх хэрэгтэй. Нэгэнт томорсон бол цус алдуулахгүйн тулд сүүлийн үед зөвхөн хоргүй хавдрыг тэжээж байгаа судсыг төлжилгүй болгож хатингаршуулдаг эмчилгээг Солонгос, Япон улсад хийдэг.
Энэ эмчилгээ саяхнаас манайд нэвтэрсэн. Цөөн эмнэлэг эмчилгээндээ ашиглаж байна. Хоргүй хавдар хүндэрч, цус алдах үед умайтай нь хамт авдаг. Энэ эмчилгээг 45 наснаас дээш эмэгтэйчүүдэд өөрөө зөвшөөрвөл хийх боломжтой. Харин төрөх насны эмэгтэйчүүдэд зөвхөн хоргүй хавдрыг авах эмчилгээг мэс заслын аргаар хийдэг. Зарим хүн түргэн хугацааны эмчилгээ хийлгэхийг илүүд үздэг. Түргэн хугацаанд мэс засал хийлгээд оёулбал найдвартай, хурдан үр дүнтэй гэж боддог. Гэвч мэс засал хийлгэсэн ч булчингийн үйл ажиллагаа хэвээр байгаа учраас шээс дусагнадаг үзэгдэл байна гэсэн үг. Хорт хавдрын өөрчлөлт буюу умайн хүзүүний улайлт, шархлаа нь хорт хавдар үүсгэдэг.
-Эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалахын тулд ямар арга хэрэглэвэл зохимжтой вэ?
-Жирэмслэлтээс хамгаалах бүх арга үр дүнтэй. Харин тухайн эмэгтэй өөрт ямар арга тохирох вэ гэдгээ мэдэх нь чухал. Цус багатай хүн ерөндөг тавиулбал сарын тэмдэг их ирүүлдэг учраас улам цус багадалтад оруулна. Сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүдэд эм, гурван сарын тариа үр дүнтэй байдаг. Тиймээс эмэгтэйчүүд мэргэжлийн эмчид хандан үзлэгт орж жирэмслэлтээс сэргийлэх ямар арга нь тохирох эсэхийг шийдэх хэрэгтэй. Сарын тэмдэг ирэх үед их өвдөх нь ямар эрсдэлтэй вэ гэж асуудаг. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхэд умай базалж өвддөгтэй адил сарын тэмдэг ирэхэд мөн базлалт өгдөг. Энэ нь өвчин намдаах эм хэрэглээд намдаж байвал хэвийн. Харин өвчин намдаах эмэнд дарагдахгүй бол эмгэг базлалт үүсэж байна гэсэн үг.
П.Амгаланбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин