Туршилтаар
Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор халдварын голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгасан”, мөн тус комиссын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаар хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор гадаад улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” байна.
Иргэн Б.Баялагмаагаас “… Улсын онцгой комисс нь журам батлахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн” гэх агуулгаар дээрхшийдвэрүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс хохирол (тусгаарлах байрны 21 хоногийн төлбөр)учирсан хэмээн хохирлыг нөхөн төлөхийг даалгуулахаар маргажээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн гомдлоор Улсын дээд шүүх хэргийг давж заалдах журмаар хэлэлцээд дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно” гэж заасан. Уг зохицуулалтын дагуу “… гадаад улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” Улсын онцгой комиссын шийдвэрүүд нь нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болсон байна.
Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх үндэслэлээр буюу нэн даруй баталсан бөгөөд хүчин төгөлдөр болсон журам (захиргааны хэм хэмжээний акт)-аа баталсан захиргааны байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр, Хууль зүй, дотоод хэргийн яам уг журам нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгаж, бүртгэн, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлэх зэрэг ажиллагааг хийхээр зохицуулжээ.
Энэ тохиолдолд хүчин төгөлдөр болсон дээрх журмуудаа Улсын онцгой комисс нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээгүй, тус журмуудыг шалган, бүртгэж, нийтлүүлэх зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа хийгдээгүй нь тогтоогдож байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан тусгай журмын дагуу нийтэд мэдээлснээрээ нэгэнт хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг “хүчин төгөлдөр бус” гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй байна.
Энэ үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний алдаа гаргасан, мөн зарим үйл баримтад алдаатай дүгнэлт хийсэн байх тул залруулсан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт