Р.Эмүжин
Нүүдлийн эмнэлэг малчны гэрийн гадаа зогсож байвал бүү гайхаарай. Тэгээд бүр эмэгтэйчүүдийн ор нь яв ягаахан, эмнэж домнох сэтгэл нь цав цагаахан. Ийм нэгэн халуун дулаан хамт олон төрөлх нутаг Алтайд минь ажиллаж, орчин цагийн эмнэлгийн соёл болоод технологийг тээн хүргээд иржээ. МЭХ-ны Оюунгэрэл гэдэг чинь час хийсэн зорилготой, чанга бүсгүй гэдгээ харууллаа даа. Эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий хоёр машинтай болоод амжсан байна. Бүтэн тоноглож, бүрэн үйлчилгээ үзүүлэхээр зорьжээ.
Зөвлөх эмч, профессор Батсүхийн хамт 11-үүлээ аяны дөрөө чангалж, Говь-Алтайн 18 сум, хоёр тосгонд сарын турш ажиллаад иржээ. Нийт 6000 эмэгтэйд үзлэг оношилгоо хийж, 355 эмэгтэйгээс эсийн шинжилгээ авч, хэдэн арван ургацаг авах зэрэг мэс ажилбаруудын ард багаараа гарч, БЗХӨ-ий тестүүд хийсэн байна. Өө тийм, хажуугаар нь 9000 хүнд сургалт лекцээ хүргэжээ.
Энэ нь умайн хүзүүний болон хөхний хорт хавдрыг урьдчилан илрүүлэх “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл бөгөөд МЭХ-ноос санаачлан дотоод нөөц бололцоогоо дайчлан, жил гаруйн өмнөөс төлөвлөж, санхүүжилтээ босгон эхлүүлсэн ажил агаад Монгол орны бүх аймаг, сумдаар тойрон ажиллах зорилготой аж. Ямартай ч хөдөөг зорьсон хөөрхөн сэтгэл намрын сэрүүн өдрүүд, талын шуурга, говийн элс, өндөр хайрхадын араншинг гатлан амжилттай ажиллаад иржээ. Үзлэгт хамрагдсан бүх эмэгтэйн өмнөөс, үзлэг оношилгоо хүлээн саравчилж, нүүдлийн эмнэлгийг харуулдан байгаа бүх бүсгүйн өмнөөс баярлалаа, Монголын эмэгтэйчүүдийн холбоо! Аян зам нь ээлтэй, амжиж үзүүлэх хүн олон байг.