Гуа сайхан эмс намалзан гунхана
Ганьхарсан зүүдэнд өөр орон зүүдлэгдэнэ
Онгодын тэнгэр Хайямын зохиогоогүй дууг
Оросын хүү би охин чамд аялая…
Гуа сайхан эмс намалзан гунхана
С.А.Есенин
Оросын яруу найргийн гэрэлт од Сергейн Есениний нэр алдар өсөн дэвжихийн хэрээр түүний адал явдалтай, адармаатай дурлалын баялаг намтрын урт жагсаалт үргэлжилсээр байлаа.
1913 онд Сергей Есенин анх Анна Романовна Изрядноватай гэр бүл болж, 1914 онд хүү Юрий нь мэндэлсэн ч тэд тун удалгүй өрх тусгаарлажээ.
1917 оны нэгдүгээр сарын 14-нд жүжигчин Зинайда Райхтай ханилж Костя, Таня нэртэй хүү, охинтой болсноор 1921 онтой золгожээ. Бас л найрагчийн давуу эрхтэй “санал”-аар тэдний гэр бүл хоёр тийшээ болжээ.
Хожим нь Зинайда Райхийн нөхөр болсон алдарт найруулагч В.Э.Мейрхольд тэдний хүүхдүүдийг үрчилж авснаар энэ дурлалын түүх намжжээ.
1921 оны намар Сергей Есенин Г.Б.Якуловын урланд Америкийн нэртэй бүжигчин Айседора Дункантай /Дора Анжела Дункан/ танилцсан нь түүний амьдралын цоо шинэ хуудас нээжээ.
Тэдний гал халуун дурлал ердөө гуравхан жил үргэлжилсэн ч тухайн үеийнхээ Ромео, Жульеттагийн мөнхийн хайрын бэлгэдэл мэт хүчтэй цуурайтаж байсан юм.
Бие биеийнхээ хэлийг мэдэхгүй ч хайрын хүчээр харцаараа гайхалтай ойлголцож чадсан гэдэг.
Есениний эргэн тойрныхон Айседораг Оросоор ганцхан “Тчоорт” /Түй чёрт/ гэж чөтгөрийг нулимсан үгийг хэлдэг гэж наргидаг байжээ.
Есенин ч эрхбиш “Ай лаав юү”-тайгаа /I love you/ л байсан биз. Энэ үг, дурласан сэтгэл хоёр л байхад хангалттай шүү дээ.
Айседорагийн хувийн нарийн бичгийн дарга Лола Кинел өөрийн “Бүргэдийн савар дор” номдоо “Айседора Дунканд дурлаж байсан хэн ч гэрлэх саналаа зөвшөөрүүлж чадаагүй юм. Тиймээс ч алдарт бүжигчин тэрээр өөрөө хүүхэд төрүүлж амжаагүй юм” гэж бичсэн байдаг.
Дөч хүрсэн насандаа Айседора өргөмөл хүүхдүүдээ алдсанаар дурлах байтугай амьдрах ч сэхээгүй гундуухан явжээ.
Нэгэнтээ Лондоны нэртэй үзмэрч түүнийг “Орос нутагт хайр дурлалтайгаа учран хуримлах юм байна” гэж мэргэлэхэд тоомжиргүй инээмсэглээд мөнгөө ч төлөлгүй гараад явчихсан гэдэг.
Гэвч үзмэрчийн тааллаар болж “хувь заяаны эрхээр” Оросод буржгар шар үстэй найрагч Есенинтэй уулзсан нь тэр ажээ.
Анх танилцсан оройдоо Есенин бүжигчин бүсгүйд шүлгүүдээ уншиж өгчээ. Бүжгийн сургуулийн захирал Илья Шнейдер Дунканд шүлгийн санааг орчуулан өгсөн ч тэр юу ч ойлгосонгүй.
Англиар уншсан байсан ч ойлгох тэнхэл байсангүй. Цэнхэр нүдтэй найрагч залууг зөвхөн шүлгээ уншиж байгааг нь сонсоод баймаар байжээ. Харцаараа дурлачихжээ.
Тэднийг танилцуулан холбох “яльгүй” зохион байгуулалттай энэ үдэшлэгт хүрэлцэн ирсэн бүх зочдод Айседора Дункан биечлэн талархал илэрхийллээ.
Есенинг бүр уруул дээр нь үнсчихжээ. Сергей Александрович ч завшааныг алдалгүй тэр шөнөдөө ”өөрийн” болгоод авчээ.
Дора ухаангүй дурласан ч Есенинг хүндэтгэн Сергей Александрович гэж бүтэн нэрээр нь дуудах дуртай байсан гэдэг.
Тэд дурлалын амтанд умбасаар Герман, Франц, Бельги, Итали, мөн Дунканы төрсөн нутаг Америк орноор ч хамтдаа аялсан юм.
Гадаадад хамтдаа зорчихын тулд гэр бүлээ батлуулсан байх шаардлагатай байлаа.
Тэгээд л тэд гадаад паспорт дээр Дункан-Есенин болцгоожээ. Германы тал дахин баталгаа шаардсан тул гэрлэлтээ ч дахиад шинэчилжээ.
Ингээд л Айседорагоос 18 дүү Сергей насны зөрөөгөө есөөр багасгах “боломж” олдсон байна.
Уйтай гунигаас зулбаж наашаа би ирээгүй
Увидас далдын шидээр чи намайг далласан
Хунгийн даль шиг хос мутраараа чи
Халуун элгэндээ намайг тэвэрсэн…
Үнэнийг хэлэхэд Европод тэд тийм ч жаргалтай байж чадсангүй. Айседора Дунканы орлого сайнгүй байлаа. Байраа ч зараад орхилоо. Эд юмсаа хулгайд алдлаа. Банк, санхүүгийн жаахан асуудалд ч орооцолджээ. Гэвч тэрээр тансаг машин унаж, амттай идээ ундаа, үнэтэй цайтайг эдэлсэн хэвээр байлаа. Есенинд ч хаашаа ч “хүрд эргүүлэх боломж” олгохгүй тансаглуулж байв.
Дурлал, жаргал хоёртоо бялуурсан Сергей Есенин Шнейдерт “Надад жаахан ая тух олдвол хэдэн шүлгээ ч болтугай хэлхэн өөрөө жаахан мөнгө олохсон” гэж ярьж байсан гэдэг. Сайнтай ч, муутай ч тэд хамгийн удаан хугацаагаар Германд амьдарсан байна.
Италид тэднийг Венец хотоор Лола Кинел газарчилж явахад Есенин Орос орон, хүүхэд насаа маш их дурсан завин дээр Орос дуугаа маш удаан, чангаар дуулж шүлгээ төрөлх хэлээрээ уран тод уншиж явсан гэдэг. Дунканы төрөлх нутаг Сан Францискод байх нь Есенинд улам хэцүү байлаа. Америктаа Айседорад мэдээж жаргалтай л байлгүй яахав.
Есенин тэнд хэн ч биш болж хувирав. Оросын алдартай яруу найрагч зүгээр үл таних Орос залуу л болжээ. Америкийн алдарт бүжигчин Айседора Дунканий Орос нөхөр. Түүний нэрийн хуудас ингээд л бол оо.
Ядаж байхад дурлал, дарс хоёроос буцдаггүй түүнд Америкийн “хуурай хууль” хэцүү. Ганц шил шарз нууж шимэх нь уйтгартай. Эрх чөлөөт ертөнцөөс илүү тэрбээр өргөн уудам, анир чимээгүй намуухан, намрын шаргал тариа нь халиурсан Рязань нутгаа, улаан улаагана шиг чилгэр сайхан Орос хүүхнүүд, чангахан нэрсэн самогон нэрмэлдээ сэтгэл хоргодоод байлаа.
Орос орондоо эргэн ирээд тэрээр Айседоратой дахин буцаагүй юм. Дункан ч Оросын аугаа яруу найрагч Сергей Александрович Есениний Америк амраг нь гэж хэлүүлэхийг хүсээгүй биз.
Галт тэрэгний буудал дээр Есенин хайртыгаа гаргаж өгөхдөө ”Би чамд хайртай. Тэгэхдээ хамт явж чадахгүй” гэж хэлээд үджээ.
Хэсэг хугацаанд тэд цахилгаанаар харилцдаг байсан боловч харилцаа тасарчээ.
1924 оны тавдугаар сарын 24-нд Надежда Вольпина түүнд хүү Александрыг нь төрүүлж өгснөөр Айседора Дункан, Сергей Есенин нарын дурлал ёстой л “Тчоорт” болсон гэдэг.
Эх сурвалж: Шог зураач Л.Мөнхбат