Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог бүрдүүлж, хамтран ажиллах зорилгоор Монголбанк МҮХАҮТ-тай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
2028 он хүртэл хэрэгжих хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг шат ахиулж, экспортыг дэмжихэд чиглэсэн мэдээлэл солилцож, судалгаа хийн төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ энэ төрлийн экспортын зориулалтаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд нэмүү өртөг шингээж, эцсийн боловсруулалт хийж экспортлох, бэлэн болсон бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл хүргэх үе шат бүрийг хамарсан санхүүжилтийн тогтолцоог үе шаттай хөгжүүлэх юм.
Түүнчлэн, уул уурхайн бус экспортын талаарх статистик, тоон мэдээллийн чанар хүртээмжийг эрс сайжруулах, уялдааг хангахад хамтран ажиллахын зэрэгцээ уул уурхайн бус экспорт эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл, хязгаарлаж буй хүчин зүйлсийг нарийвчлалтай тодорхойлох хүрээнд хамтран явуулж буй судалгааг үргэлжлүүлнэ. Бодлогын шийдвэр судалгаа шинжилгээнд тулгуурлаж гарснаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг бодитой нэмэгдүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлж, цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг богино хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх зорилтод хүрэхэд томоохон суурь болно хэмээн үзэж байна гэж Монголбанкнаас мэдээллээ.