ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны нийт таван сарын статистик болон ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцуулж байна.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл хийлээ.
“Урьдчилсан үзлэг шинжилгээнд хамрагдсан 356 мянга гаруй иргэнээс 314 мянган иргэний үзлэг дуусаж, дүгнэлт гарсан. 41 мянган иргэний үзлэг үргэлжилж байна. Үзлэгт хамрагдаж дууссан 314 мянган иргэнээс өвчлөлийн 189,106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэйчүүд, 42.1 хувь эрэгтэйчүүд байна. Сэжигтэй тохиолдлуудыг дараагийн шатны эмнэлэгт баталгаажуулахаар ажиллаж байна.
0-17 насны хүүхдийн үзлэгээр өвчлөлийн 90,384 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс,
-73 хувь нь шүд цоорох,
-2.9 хувь нь шүдний гажиг,
-2 хувь нь хараа муудах эмгэг эзэлж байна.
Халдварт ба шимэгчид зарим өвчний 4484 сэжигтэй тохиолдол илрүүлж, ХӨСҮТ-д шилжүүлж, дараагийн шатны хяналтад авах, онош баталгаажуулах ажил хийж байна. Халдварт өвчний тухайд Сүрьеэ, ДОХ, тэмбүү, элэгний B, C вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээ хийж байна.
Мөн хугацаанд хортой болон хоргүй хавдрын 1357 тохиолдлыг илрүүлж ХСҮТ-д илгээж онош баталгаажуулахаар ажиллаж байна.
Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг багтсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг бүх насны иргэдэд асуумж судалгаагаар хийгдэж байна. Нийт 230 иргэнд сэтгэцийн өөрчлөлт илэрч, нарийн мэргэжлийн эмч нарт хүргэгдсэн. Насны бүтцээр нь авч үзвэл 6-17 насны хүүхдүүдэд сэтгэц зан төрхийн өөрчлөлтийн сэжигтэй тохиолдол илэрсэн” гэв.