УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Коронавируст халдвар /КОВИД–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурал энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хороог УИХ-ын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар хуульчилсан.
Дээрх хуулийн биелэлтийг хангах зорилгоор Монгол УИХ-ын 2020 оны 31 дүгээр тогтоолоор “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо”-г байгуулж, бүрэлдэхүүнийг нь шинэчлэн баталсан.
Монгол УИХ-ын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолоор “Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах шаардлага үүссэн хэмээн Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан танилцуулсан.
Тэрбээр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Монгол УИХ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гээд тогтоолын төслийг уншиж танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн ач холбогдол буурсан, дэлхий дахинд цар тахлын өвчлөл багасч, нөхцөл байдал сайжирч байгаа тул уг хуулийг хүчингүй болгох, цар тахлаас үүдэн эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг сэргээх, дэмжлэг үзүүлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн ач холбогдол багассантай санал нэг байгаагаа илэрхийлээд, хуулийг хүчингүй болгох тухай асуудлыг хөндөхөөсөө өмнө Түр хороо үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт өгч, хуулийн хэрэгжилтийн алдаа оноо, зөрчил, амжилттай тал зэргийг дүгнэх нь зүйтэй хэмээсэн.
УИХ-ын гишүүн Х.Баделхан цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах шаардлагагүй гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд тогтоолын төслийг хэлэлцэж, батлах нь зүйтэй гээд, тухайн хуулийн хэрэгжилт, үйл ажиллагаа, гарсан алдаа дутагдал, зөрчлийг нэгтгэн дүгнэсний дараа Түр хорооны үйл ажиллагааг дуусгах, Засгийн газраас уг хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслөө Улсын Их Хуралд өргөн барих шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн дээрх хууль нь цар тахлын үед үүргээ гүйцэтгэсэн бөгөөд цаашид онцгой, гэнэтийн нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх Онцгой байдлын үед авах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барих талаар Засгийн газарт чиглэл өгөх, онцгой нөхцөл байдлын үед хэрэглэх нөөцийн бэлэн байдлыг хангах, бүрдүүлэх, шаардлагатай үед тухайн нөөцөөрөө хүнд үеийг даван туулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.
Эцэст нь санал хураалт явуулахад “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.