Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах ажлыг нутгийн зарим иргэд эсэргүүцэж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл энэ асуудлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдтэй уулзана хэмээн мэдэгдэв. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
–Нэгдүгээрт улс орны эрх ашиг хамгийн чухал. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал юу, юунаас хамаарч аюулд учирдаг вэ гэдгийг ард түмэн нийтээрээ мэднэ.
Үүн дотор эрчим хүчний хараат байдал нь манай улсын хувьд ковид, дайны үед улам ч мэдрэгдэж байгааг бид харж байна. Хараат байдлаас гарах бодлогыг Монголын ард түмэн нэгд нэгэнгүй дэмжиж ажиллах учиртай. Энэ нь иргэдийн хувьд эх оронч үзэл. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг гаднын зээл, тусламжаар барих боломж бүрдэж байна гэдэг нь Монгол Улсад олдсон ховорхон боломжийн нэг. Тиймээс Засгийн газрын зүгээс энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө, иргэдтэйгээ ойлголцож, үр дүнтэй болгохын төлөө санаачилгатай ажиллаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас эдгээр гурван аймгийн иргэдтэй уулзаж, нөхөн олговрыг үе шаттайгаар олгох, хохиролгүй байлгах тал дээр ажиллаж байгааг мэднэ. Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын төлөөлөл явж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдтэй уулзаж, удаа дараагийн яриа хэлэлцээрийг хийсний үндсэн дээр үүнийг заавал ажил хэрэг болгох ёстой. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн асуудал.