“Ан агнуурын уриа дуудлага” нь 2019 онд Монгол Улсын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд орсон бөгөөд ан ав хийх уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөн уламжилсан 76 настай Ц.Шарав гуайг та бүхэндээ танилцуулж байна.
ЦАНГИЛАГИЙН ШАРАВ
Цангилаг овогтой Шарав нь 1946 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Түүний эцэг Пунцагийн Цангилаг нь анчин байсан бөгөөд тэрээр ан ав хийх уламжлалт мэдлэг, арга ухааныг өөрийн ааваас өвлөн суралцжээ. Ц.Шарав нь Эрдэнэцогт сумын “Бат зам” нэгдэл, Баянхонгор аймгийн “Хотын худалдаа бэлтгэлийн трест”-д 40 гаруй жил ажиллаж 2006 онд тэтгэвэртээ гарсан.
Түүний аав ан агнуурын уриа дуудлага, ялангуяа чоно уриаг гойд дууддаг байсан тул тэрээр чоно дуудах уриа дуудлагыг аавыгаа дууриан сурч, ан ав хийхдээ ашиглаж иржээ.
15 настайгаасаа эхлэн эдүгээ 60 гаруй жил ан ав хийж яваа Ц.Шарав гуай ан хийхтэй холбоотой уламжлалт мэдлэг, арга ухаан, тухайлбал ан амьтныг үржлийн цагаар агнахгүй байх, ан амьтны хээлтэй эсэхийг таних, нялх төлийг нь агнахгүй байх, чонын уриа дуудлага зэрэг арга ухааныг өөрийн 50 гаруй шавь, залуу анчдад зааж сургасаар иржээ.
Тэрээр Баянхонгор аймгийн “Хотын худалдаа бэлтгэлийн трест”-ийн “Түүхий эдийн төлөвлөгөө”, “Ангийн үсний төлөвлөгөө”-г олон удаа давуулан биелүүлж 1992 онд Монгол Улсын “Тэргүүний анчин” цол тэмдгээр шагнагдсан. Мөн 2011 онд Худалдааны тэргүүний ажилтан, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2018 онд Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор тус тус шагнагджээ.
Уламжлалт аргаар ан гөрөө хийхэд ан агнуурын уриа дуудлага чухал үүрэгтэй бөгөөд Монголчууд эртнээс аргаль, янгир, буга, чоно, үнэг зэрэг амьтдыг уриа дуудлага ашиглан агнаж ирсэн байдаг. “Ан агнуурын уриа дуудлага” нь 2019 онд Монгол Улсын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” ай савын 5 дугаарт бүртгэгдсэн өв юм.
Хайрлан хамгаалах түүх, уламжлал, соёлын өв ихтэй ард түмэн билээ бид.
Эх сурвалж: Соёлын яам