Дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг “Жизель” балет Монголын тайзнаа тэртээ 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд мэндэлсэн. Манай тайзнаа ЗХУ-ын ардын жүжигчин Ф.Г.Кайданийн хувилбараар анх тайзнаа тавигдсан бөгөөд ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва 2022 оны дөрөвдүгээр сард уг балетыг шинэчлэн тавьтал энэхүү хувилбараараа үзэгчдийн хүртээл болж байсан юм.
Одоогоор Дуурь бүжгийн эрдмийн театр шинэчилсэн хувилбараар хүргэж буй. Тэгвэл гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг төслийг удирдан “Жизель” балетыг эх тавилтаар нь арваннэгдүгээр сарын 9-нд Соёлын төв өргөөнд толилуулах гэж байна. Удирдаачаар Т.Гэрэлцэцэг, хөтлөгч багшаар Ч.Ганчимэг нар ажиллах аж. Гол дүр Жизельд Пермь хотын П.И.Чайковскийн нэрэмжит Дуурь бүжгийн театрын тэргүүн гоцлооч, балетчин Р.Булган, Альбертэд ДБЭТ-ын тэргүүн гоцлооч Ө.Мөнхжин нар гоцлох юм.