Энэ жилийн төрийн баяр наадамд түмэн олноо баясгаж улсын заан цолны болзлыг хангасан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Баярхүүгийн Бат-Өлзийтэй ярилцлаа. Шинэхэн заан маань наадмаас өмнө бөхийн өргөөнд гурав дараалан түрүүлсэн билээ. Мөн наадмын дараа орон нутагт мөн гурван удаа түрүүлжээ.
-Таны хувьд энэ жилийн наадамд сайн барилдаж заан цол хүртлээ. Олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн, үнэ цэнтэй цол гэж харж байна ?
-Би үндэсний бөхөөр 12 жил барилдаж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ой миний барилдаж байгаа ид үед тохиож байгаа нь их хувь тавилан гэж бодсон. Тиймээс ч барилдаан бүртээ ач холбогдол өгч илүү хичээсэн. Түрүүлэх зорилго тавьсан ч чадсангүй. Гэхдээ заан цолонд хүрсэндээ баяртай байна.
-Та долоогийн даваанд улсын харцага Н.Золбоог амласан. Эрэмбийн хувьд өөртэйгөө адил түвшний бөх амлахад наадамчин олон гайхсан. Өмнө нь 2018 онд Н.Золбоо харцага улсын баяр наадамд таниар тав давж начин цолонд хүрснийг санаж байна?
-Н.Золбоо харцага бол сайн бөх. Би урьд нь улсын наадамд унаж байсан. Энэ жил бэлтгэл сайн байсан учраас сайхан барилдъя л гэж амалсан. Н.Золбоо ч бэлтгэл сайн байна лээ. Бидний хувьд их хүнд барилдаан болж би давсан. Н.Золбоо намайг давж начин болж байсан. Би харин Н.Золбоог давж заан цол авлаа. Ховор тохиолдол сайхан түүх, магадгүй хувь тавилан байх.
-Харин наймын даваанд энэ наадмын үзүүр бөх Б.Орхонбаяртай тунасан. Залуу арсланг үнэхээр аргалж болсонгүй юу?
-Миний хувьд барилдааны үеэр бүхнээ дайчилсан. Гэхдээ яаж ч чадаагүй. Манай үндэсний бөхөд Б.Орхонбаяр шиг уран барилдаантай бөх гарч ирж байгаад адилхан бөх хүний хувьд баяртай байна. Олон жил зүлэг ногоон дэвжээг эзэгнэж наадамчин түмнээ баярлуулах болтугай.
-Наадмын дараа Ховд аймагт болсон “Тонжоо” наадамд та Б.Пүрэвсайхан зааныг этэх мэхээр унагасан. Энэ мэхийг О.Хангай аваргад бэлдсэн гэж наадамчин олон ярьж байхыг сонссон. Магадгүй аваргатай улсын баяр наадамд таарсан бол?
-Би барилдахдаа золгооноос этдэг. Аливаа мэхийг олон хувилбараар хийж сурахыг хүсдэг. Мөн тухайн мэхээ төгс сурахсан хичээдэг. Гэхдээ хэн нэгэн хүнд зориулж хийж үзээгүй. Золгооноос хийдэг этээгээ сэнжигний барьцнаас хийхийг оролдож байна. Тэгээд л Б.Пүрэвсайхан заантай барилдаж байхад барьц байрлал нь таараад хийж, давсан. Түүнээс зориуд О.Хангай аваргад зориулж бэлдсэн мэх биш.
-Дараа нь Чандмань суманд дахиад Б.Пүрэвсайхан заантай таарсан. Зарим бөх сонирхогчид таныг нутагт нь ах заандаа бууж өгнө гэж таамаглаж байсан байх?
-Би худал барилдах дургүй. Нэгэнт л талбай дээр гарсан бол жинхэнэ уран мэх, хүчийг үзэж даваа авах хэчнээн сайхан гээч. Б.Пүрэвсайхан заан ч надаас бууж өгөөч гэж гуйгаагүй. Их хүнд барилдаан болсон. Зарим бөхчүүдийн хувьд нутагт нь очиж найздаа, нутгийн бөхөд унаж өгөх тохиолдол их гарч байна. Бөхчүүд маань нутгийн ард түмнийг хүндэлж байгаа бол үнэн хүчээ л үзэж барилдах хэрэгтэй. Унах, давах нь дараагийн асуудал.
-Энэ жилийн баяр наадмын сонин сайхнаас хоёулаа багагүй ярилаа. Одоо таныг бөхийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан тухай сонирхмоор байна?
-Би багаасаа л бөх болохыг мөрөөддөг байсан. Анх 2009 онд сумынхаа наадамд зодоглоод дөрвийн даваанд унасан. Удаа ч үгүй Чандмань сумын наадам болох сураг дуулдахаар нь хойноо суудалгүй, цемент шохой ачсан фургонд суугаад очсон. Энэ наадамд түрүүлж анх сумын заан болж байлаа. Заан цолонд хүрч, урам аваад ерөөсөө л хот орж бөх болъё гэж шийдсэн. Хотод ирээд биеийн тамирын “Шонхор” дээд сургуульд элссэн. Гэхдээ оюутан байхдаа бэлтгэл гэж юу байдгийг эхний 2-3 жил мэдрээгүй. Учир нь ар гэрийн бололцоо муу байсан. Тиймээс бэлтгэл гэхээс илүү ажил их хийдэг байлаа. Одоо эргээд бодоход бөх болоод 10 гаруй жил болоход сүүлийн 7-8 жилд л бэлтгэлээ маш сайн хийсэн байна.
-Таныг Т.Өсөх-Ирээдүй харцага бяртай бөх гэж онцолсон байсан. Унаган бяртай хүүхэд байв уу?
-Багын л бяртай хүүхэд байсан. Манай аав их том биетэй хүн. Бараг 190 см өндөр. Би багаасаа хар бор ажил их хийсэн. Тэгээд өсөлт багасчихсан юм болов уу гэж боддог. Гэхдээ барилдахад намдаад байдаггүй. Бөх хүн ухаанаар, бэлтгэлээр барилддаг. Хоёр метр өндөр мөртлөө барилдаан мэдэхгүй бол давж чадахгүй шүү дээ. Тиймээс өөрийн биеийн онцлогт тохирсон арга барилаа олох нь л чухал.
-Та “Сумын цолтны болон залуу бөхчүүдийн барилдаан”-ны үнэнч үзэгч. Анх сумын заан байхдаа энэ барилдаанд тогтмол барилдсан байх аа?
-Сумын заан байхаасаа л Бөхийн өргөөнд болсон ямар ч барилдааныг алгасахгүй үзэхийг хичээдэг байсан. Тэр дундаас сумын заануудын барилдаан хамгийн үзүүштэй нь. Өөрөө сумын заан байсан үеэ дурсаад ч юм уу, үзэхэд нэг л сайхан мэдрэмж төрдөг. Нөгөөтэйгүүр бөхчүүд ямар ч барилдааны нэгийн даваанд сайн барилдаж байгаа сумын заануудтай их таарч байна. Одоо бэлтгэл тааруу, муу бөх гэж байх;аа больсон. Барилдааныг нь үзэж, судлахгүй бол унах магадлалтай.
Үргэлжлэлийг “Зууны мэдээ” сонины ZMS.MN сайтаас хүлээн аван уншина уу.
Б.Дэмбэрэлням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин