Эрдэнэбат.Г
erdenebat@montsame.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Намрын их ажлын ард гарахын төлөө тариаланчид цаг наргүй ажиллаж байна.
Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн, 587 ширхэг жаатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах соортлох машин ажиллаж байна. Хөнгөлөлттэй зээлийн үр дүнд дилер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлжээ. Ургац хураалтад ажиллах эдгээр техникийн иж бүрдлээр ургац хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн байна. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тонны багтаамжтай төмөр бетон элеватор байгаа аж. Үүнээс, Хөдөө аж ахуйг дэмжих санд 186 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагддаг гэж ХХААХҮЯ-наас мэдээлжээ. Одоогоор элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авах бололтой. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа хураан авна. Түүнээс 487.6 мянган тонн нь улаанбуудай. Энэ хэмжээний улаанбуудай нь дотоодын хэрэгцээг 100 хувь хангах нөхцөл бүрдүүлэх юм байна.
Харин тосны ургамал 32.8 мянган тонн, тэжээлийн ургамал 109.4 мянган тонныг хураан авах төлөв гарсан. Хаврын тариалалтын үеэр 2022 онд гарсан гол хүндрэл нь шатахууны үнэ нэмэгдсэн явдал байсан юм. Тухайн үед урьд жилүүдэд тухайлбал, 2021 онд 1600 төгрөгөөр авч тариалалт хийж байсан түлш 3500 болсон байдаг. Шатахууны үнийн энэ өсөлтийг зөөлрүүлж 2022 оны хаврын тариалалтад хүсэлт гаргасан 250 иргэн аж ахуй нэгжид 10 000 тн үрийг 30 хувийн хөнгөлөлтэй олгож байжээ. Ялгаагүй 108 аж ахуй нэгжид 1,1 мянган тн шатахууныг хөнгөлөлттэй зээлээр олгосон юм. Эдгээр зээл хөнгөлөлтүүд хаврын тариалалтын хүндрэлийг хөнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн албан ёсны тайлбар тухайн үед гарч байсан.
Намрын ургац хураалт ид өрнөж байгаа энэ үед ХХААХҮЯ-наас худалдан авах улаанбуудайн зэрэглэл, үнийг зарлаад байна. Дээд зэргийн улаанбуудайг нэг сая төгрөгөөр, түүнээс доош 960 мянга гэхчлэн өөр өөр үнэтэй байх бололтой. Улсын хэмжээний улаанбуудайн жилийн хэрэгцээ гурилын үйлдвэрүүдэд ойролцоогоор 300 мянга орчим тонн. Түүнээс гадна үрийн гээд олон зүйлд улаанбуудай ашиглагдах нь тодорхой байна.
Төлөвлөсөн хэмжээний буюу 237 мянган тонн төмс хураан авсан нөхцөлд дотоодын хэрэгцээнээс 40 хувиар давах тооцоо гарчээ. Энэ нь манай улс төмс импортлогч бус экспортлох боломжтой гэдгийг харуулах гол үзүүлэлт гэж хэлж болно. Хүнсний 113.6 мянган тонн ногоог хураан авах тооцоо урьдчилсан байдлаар тогтоогдсон гэж байгаа. Хаврын тариалалт хийх үеэр 686 иргэн, аж ахуйн нэгжид 43,4 тэрбум, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 582 иргэн, аж ахуйн нэгжид 12,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож ногоочдын нуруун дээр ирэх ачааллыг хөнгөлжээ. Түүнээс гадна хүнсний ногоо, төмсний аж ахуй эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Ил болон хүлэмжийн 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Тухайлбал:
- Шар манжин,
- байцаа,
- саримс,
- бүх төрлийн чинжүү,
- хүнсний болон үрийн улаанбуудай, хүрэн манжин,
- улаан лооль,
- навчит ногоо,
- шар лууван
- сонгино,
- өргөст хэмх эдгээр хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөг олгоно.
Гэхдээ сайн дурын үндсэн дээр доорх нөхцөлийг хангасан байх ёстой юм билээ.
- (E-GAZAR.MN)-Д Бүртгэлтэй байх,
- (WWW. PLANT.MOFA.MN)-Д Тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх,
- (E-BARIMT.MN) Өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгүүлсэн байх,
- Урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор И- Баримтыг үүсгэж баталгаажуулсан байх.
Эдгээр нөхцөлийг бүрэн биелүүлнэ. Түүнээс гадна худалдсан бүтээгдэхүүний гарал үүслийн цахим гэрчилгээ, татварын цахим төлбөрийн баримтыг тухай бүр үүсгэн баталгаажуулаагүй, урамшуулал хамрагдах сарын хүсэлтийг дараа сарын 10-ны дотор ирүүлээгүй тариалан эрхлэгчийн мөнгөн урамшууллыг нөхөн олгохгүй юм байна. Улмаар тариалан эрхлэгчийн дансанд шилжүүлсэн мөнгөн урамшуулал нь нэр данс зөрсөн, данс хаагдсаны улмаас буцаагдсан тохиолдолд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санхүүгийн нэгжид тариалан эрхлэгч банк өөрийн дансны мэдээллээ ирүүлснээр гүйлгээг залруулах арга хэмжээ авах боломжтой ажээ.
Эдгээр шийдвэрүүдийг гаргахдаа дотоодын хэрэгцээний хүнсний ногооны тодорхой хувийг хангах зорилт тавьсан байдаг. Гэхдээ урьдчилсан ургац хураалтаар хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 60 хувьд хүрэх хэмжээнд тогтоогджээ. Хүнсний ногооны хувьд энэ хэмжээний ургац хураан авсан тохиолдолд 40 хувийг импортлох нь тодорхой байна.
Хүнсний ногоон дотроос төмс нь Андын нурууны өндөрлөг газраас Европ тивээр дамжин хагас мянган жилийн дотор дэлхийн 100 гаруй оронд тархаж, 70 гаруй оронд хүнсний гол бүтээгдэхүүн нь болон өргөмжлөгджээ. Мөн 200 гаруй нэрийн хоол үйлдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцдог бүтээгдэхүүн. Төмс нь хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүн болоод зогсохгүй бал бурам, цардуул, спиртийн үйлдвэрийн түүхий эд болдог онцлогтой. Албан ёсны мэдээгээр төмсийг Европ руу оруулж ирсэн үеийг манай тооллын 1570 он гэж тооцдог юм. Төмс шим тэжээлтэй тул насанд хүрсэн хүн хоногт 250-300 гр төмс хэрэглэвэл С амин дэмээ 30-50 хувиар хангах боломж бүрддэг байна. Төмсний булцууны 75 хувийг ус эзэлдэг учраас дулаан, хүйтэнд их мэдрэмтгий. Даарч хөрсөн, хөлдөх шахсан төмсийг чанаж идэхэд чихэр амтагддаг. Энэ нь хүйтэн нөхцөлд хадгалснаас болж байгаа юм гэсэн тайлбар хийдэг байна.