/БНМАУ-ын Ардын багш Гунгаажавын БАТСҮХ 1911-1990 он/
Антарктидад зорчих хайгуулч, атом цөмийн судлаач, сансрын баатар нисгэгч гээд бүгдэд багш бий. Оройгүй эрдмийн дээд болж, түүхэн гавьяа, алдар нэр, домог мэт яригдах суу билгээрээ тод гэрэлтэх нэгэн багшийг энд онцлон бичих нь. Энэ эрхэм хүмүүн бол БНМАУ-ын Анхны Ардын багш төдийгүй зургаа дахь Гавьяат багш Гунгаажавын Батсүх юм.
Тэрээр ХХ зууны бүтээн байгуулалтыг манлайлахын зэрэгцээ 1931 онд дөнгөж 20-хон насандаа анхны сурах бичгийг зохиож, газарзүйн заах аргын үндсийг бий болгожээ. Түүгээр хичээл заалгаж байсан нэг ангиас таван хүн БНМАУ-ын Гавьяат багш цол хүртсэн нь түүхэнд ховор тохиолдол.
Эмэгтэй хүний үнэ цэн, боловсрол, төлөвшлийн гайхамшгийг үлгэрлэн харуулж чадсан түүний намтар түүх цагийн аясад бүдгэрч, цахим систем болон зохиол бүтээлээс олдоход нэлээд бэрх юм. Тиймээс Монгол орны Газарзүйн шинжлэх ухааны үүсэл хөгжлийг сонирхон, тэр чигт хайж, олон сар судлан, холбогдох хүмүүсээр нь яриулсны дараа чадан, ядан үүнийг бичлээ. Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг гэдэг дээ. Г.Батсүх багш бол эх орны ирээдүйн нарыг алган дээрээ мандуулсан гавьяатай.
Гунгаажавын Батсүх Сүхбаатарын аймгийн Сүхбаатар /хуучнаар Дархан хаан/ сумын нутагт 1911 онд төржээ. 1921-1925 онд Нийслэл хүрээний анхны бага сургуульд суралцан, 1926-1930 онд Д.Нацагдоржтой хамт Герман улсад суралцан бүрэн бус дунд боловсролтой болсон аж. Түүний юманд чин үнэнчээр ханддаг, цаг баримталдаг, туйлын үнэнч, аливааг ямар байх ёстой түүгээр нь хийж, бусдад шаардлага тавьдаг занг нь тухайн үеийнхэн анзаарч, “герман” Батсүх гэж нэрийдсэн нь шавь нарынх нь дурсамжид үлдсэн байна.
Тэрээр 1930 оноос ардын боловсролын байгууллагад бичээчээр хөдөлмөрийн гараагаа эхлэн Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургууль, багш нарыг бэлтгэх сургуульд багш, захирал, гэгээрлийн яаманд хэлтсийн эрхлэгч, Улсын багшийн дээд сургуульд газар зүйн багш, тэнхимийн эрхлэгчээр 50 гаруй жил ажилласан байна. Ажиллах хугацаандаа 1949-1952 онд Марксизм-Ленинизмийн дээд сургууль, 1960-1963 онд УБИС-ийг эчнээгээр газар зүйн багш мэргэжлээр дүүргэжээ. Шинэ цагийн анхны сэхээтнүүдийн нэг тэрээр, “Физик газар зүйн дасгал ажлуудыг явуулах арга барил”, “Түүх газар зүйн багш нарт тусламж”, “Физик газар зүйн дасгал ажлуудыг явуулах арга барил” зэрэг 100 гаруй ном зохион хэвлүүлсэн аж. Түүний бүтээлүүд өдгөө газарзүйн багш нарын лавлах болж, тус салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан тухай “Жанжинаар овоглосон сум” номын 90 дүгээр хуудсанд дурдсан нь бий.
Тэрээр мөн шилдэг орчуулагч байв. 1950 оны дундуур Зөвлөлт холбоот улсад төгсөж ирсэн мэргэжилтнүүд анхны сурах бичгүүдийг орчуулж эхэлжээ. Г.Батсүх багш олон сурах бичиг зохиохын зэрэгцээ орчуулгын бүтээлүүдийг монгол хүүхдийн насны онцлогт тааруулж, зөв үгээр буулган, редакторлаж, одоогийн газарзүйн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн дедактик боловсруулалтын суурийг тавьсан аж. 1911 онд Монгол Улсад анхны бага сургууль байгуулагдахад, дөрвөн хичээл зааж байсны нэг нь Газар зүй. Учир нь Монгол Улс дэлхийн хуурай газрын нэг хувийг эзэлсэн өргөн уудам газар нутагтай. Ийм оронд ажиллаж, амьдрах хүн газарзүйн мэдлэг, боловсролтой байх нь чухал гэж тухайн үеийн эрдэмтэн мэргэд үзжээ. Тиймээс газарзүйн боловсролыг бүх нийтэд олгохын тулд сургалтын хөтөлбөрийг системтэйгээр боловсруулах шаардлага тулгарч, “герман” Батсүх тус ажлыг гүйцэтгэсэн аж.
Е.БАТСЧЧУЛУУН: /МУБИС-ийн Газар зүйн тэнхимийн багш, доктор, профессор/: Г.Батсүх багшийн бүтээлүүд газар зүйг хэрхэн судлах вэ гэдгийг заасан цагаан толгой юм
-Би Г.Батсүх багшаар хичээл заалгаж байгаагүй. Гэхдээ түүний номуудыг уншиж, судалж, бусдад дамжуулдаг учраас миний багш л гэсэн үг. Нэг удаа сургалтад сууж байхад Батсүх багш хичээл орж байлаа. Дараа нь би Шаргаморьтод зорин очиж түүнтэй уулзсан юм. Үнэхээр төлөв даруу сайхан хүн байж дээ. Германд сурч ирснийхээ дараа хуучнаар Улсын багшийн их сургууль /УБИС/, одоогийн МУБИС-д сурч төгссөн. 1956 оноос тус сургуульд багшилж эхэлсэн. Бүх шатны боловсролын байгууллагад ажилласан туршлагатай. Дунд сургуулийн багш нар хэр ачаалалтай ажилладгийг биеэрээ туулсан. Тухайн үед багшийн сургуульд бага ангийн багш бэлтгэдэг байв. Тиймээс бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог ямар вэ гэдгийг заалгасан. Багш бэлтгэх нь дамжуулж боловсрол олгох хүнийг бэлдэж буйтай утга ижил. Тэрээр үүнд амьдралынхаа ихэнх хугацааг зарцуулсан. 1931 онд 20 насандаа хуучин монгол бичгээр “Газрын зүй” гэдэг нэртэй анхны сурах бичгийг зохиосон. Мөн 1963 онд “Дунд сургуульд Физик-газарзүй заах арга”, 1977 онд “Физик газар зүйн дадлага ажил”, “БНМАУ-ын ЕБС-д газар зүй заах арга” гэсэн хамтын бүтээлийн олон бүлгийг 1982 онд бичсэн байдаг. Эдгээр ном газар зүйг хэрхэн судлах вэ гэдгийг заасан цагаан толгой юм.
Г.Батсүх багшийн хийсэн ажил одоо цаг үед ч нийцэж буй. 1950, 1960-аад онд компьютер байгаагүй. Тэгтэл гараараа хуучин монгол бичгээр ном бичдэг байжээ. Газарзүйн сурах бичгүүд зураггүйгээр гарах боломжгүй. Түүнийг нь яаж хийж байсан бол гэдэг сонирхолтой. Тэр цагт бүтээл туурвих, одоо үед ном бичих хоёр бол харьцуулшгүй. Мөн нөгөө талаасаа газарзүй бол эмэгтэй хүнд их хүнд мэргэжил. Дадлага удирдан, хөрсийг нь заахын тулд хөрс, шороо ухна. Мөсийг нь заахын тулд мөс, цасны зузаан хэмжинэ. Голын тухай заахын тулд гол дээр очно. Батсүх багшийн дадлага ажлууд нь “Голын урсгалыг яаж хэмжих вэ? Гүүр тавихад ийм урсгалтай газар ямар байх вэ” гэх мэт амьдралд ойр байсан талаар түүний шавь нар дурсан өгүүлсэн юм. Дадлага удирдах нь танхимд зогсоод заахтай адилгүй. Г.Батсүх багшийн “Физик-газарзүйн дадлага ажил” номыг сонирхон үзлээ. Үүнд: “Энд гол байна. Голын цүнхэл, харгиа хэсэг нь аль вэ, тэдгээрийн гүн нь ямар байдаг вэ. Тэгвэл чи энэ голын хаагуур нь гаталбал болох вэ” гэх дасгал байх жишээтэй. Мөн газрын зургийн аль хэсэгт нь цэвдэг байна вэ. Ийм газар гэрээ баривал яах вэ гэж асуужээ. Түүнийг заалгасан хүүхэд голын аль хэсгээр машинаар гарч болохгүй вэ гэдгээс эхлүүлээд газарзүйн хичээлээр дамжуулж, амьдрах чадварт суралцах аж.
МУБИС-ийн газарзүйн тэнхимийн хүндэт дэвтэр, хүндэт самбар гэж бий. Тэдгээрт Г.Батсүх багшийн зураг, товч намтар бичигдэн үлдсэн байна. Е.Батчулуун докторын “Газарзүйн боловсролын үндэс” гэх номд ч мөн түүний талаар товч өгүүлсэн байна. Түүний намтар зөвхөн газарзүйн салбарын түүхтэй хамааралтай бус Монгол Улсын боловсролын түүхэн замналыг нэг хэсэг гэж хэлж болно.
Тэрээр оюутнуудыг маш их шахаж шаарддаг багш байжээ. “Та нар амьдралгүй зүйл бүү ярь. Орон нутгаа сайн судал. Монгол Улс бол газарзүйн лаборатори. Тиймээс Монголын уур амьсгал, ус, хөрсийг мэдэх нь газарзүйгээр дамжуулж, эх орноо судалж байна гэсэн үг” гэж оюутнууддаа заадаг байж. Тийм ч учраас түүний шавь нар дотроос нэг ангийн таван оюутан гавьяат цол хүртжээ. Тэдгээрийн нэг нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын өвс, ургамлыг судалсан судлаач, БНМАУ-ын 90 дэх Гавьяат багш Ш.Оюун юм. Тэгш талд ой найгуулж чадсан түүнтэй уулзаж, Г.Батсүх багшийн талаар дурсамж сэтгэгдлийг сонсох боломж надад олдсон юм.
Ш.ОЮУН /Гавьяат багш/: Манай курсийг төгссөн оюутнуудаас газарзүйн багшаар ажилласан таван хүн Гавьяат цол хүртсэнд багшийн нөлөө асар их бий
-Биднийг 1967-1971 онд УБДС-ийн түүх газарзүйн ангид суралцаж байхад Монгол орны физик газарзүй болон газарзүйн хичээлийн заах арга гэсэн хичээлүүдийг Г.Батсүх багш заадаг байлаа. Тэрээр “герман” Батсүх гэдэг нэрээр алдаршсан, багш оюутнуудын шүтээн болсон багш юм. Хүнийг загнаж зэмлэхгүй, их тогтуухан гэхдээ маш зарчимч, нягт нямбай, маш цэвэрхэн хувцасладаг. Тийм ч ганган хээнцэр биш хэр нь цаанаа л чамин харагдана. Хичээлийг гарт баригдаж, нүдэнд харагдтал заана. Бид ч маш анхааралтай оролцож, дадлага ажлуудыг чадах чинээгээрээ хийдэг байв. Г.Батсүх багшийн “Дунд сургуульд физик газарзүй заах арга”, “Физик газарзүйн дасгал ажлуудыг явуулах арга барил” зэрэг номыг мэргэжлийн багш нар байнга ашигладаг. Энэ нь газарзүйн багшийн хэрхэн ажиллах талаар баримтлах гол чиглэл юм. Одоо ч үнэ цэнээ алдаагүй бүтээл. Ажил дээр гарсан хойно багшийн номууд ширээний минь ном болсон доо. Жишээлбэл, заах аргын номд: Газар доорх шохойн чулуун дундуур ус урсвал юу болох вэ? гэсэн асуултад хүүхдүүд бодож эргэцүүлсний дүнд “Шохой усанд уусдаг тул шохойн чулуу усанд уусаж агуй үүснэ” гэдгийг олж хэлнэ гэж бичсэн нь бий. Үүнээс асуултыг оновчтой тавих, агуй үүсдэг үйл явцыг онолын үүднээс тайлбар хийж сурах, бие даасан бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, бусад хичээлээр олж авсан мэдлэгээ ашиглах гэх мэт олон чухал аргад хүүхэд суралцдаг. Дадлага ажлын номд: “Шилэн саванд булгийн ус, худгийн усыг тус тусад нь хийгээд дээрээс нь савангийн хөөс дусааж, хутгахад хөөсөрвөл шохойн уусмалтай, эс хөөсөрвөл шохойн уусмалгүй” гэдгийг дадлага ажлаар гүйцэтгүүлэх тухай заажээ. Тухайн номд буй арга зүй одоо ч хэрэгцээ шаардлагад нийцсэн чухал хичээл юм. Манай салбарын багш нар энэхүү заах аргын материалаас суралцаж, түүнд тулгуурлан өөрийн гэсэн арга барил олдог билээ. Миний хувьд Г.Батсүх багшаасаа бага ч гэсэн зүйл сураад авахыг их боддог байв. Намайг “Сурган хүмүүжүүлэх” илтгэлийн уралдаанд “Газарзүйн сургалтад орон нутгийн материал ашиглан сургалтын үр дүнг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн нэгдүгээр байр эзлэхэд, багш баяр хүргэж байсан нь миний хувьд том шагнал, урам болж билээ. Багштай холбоотой хамгийн гоё дурсамжийн минь нэг нь энэ. Г.Батсүх багшаар заалгаж байсан зөвхөн манай курсийг төгссөн оюутнуудаас газарзүйн багшаар ажилласан Б. Сурмаажав, / УБ/ Баяжих, /УБ/ Алтан –Очир,/ Ховд/ О. Пүрэв / УБ/ , би гэсэн таван гавьяат багш төрсөнд багшийн нөлөө асар их бий…
Г.Батсүх багш олон нийтийн ажилд маш идэвхтэй хүн байжээ. Монгол Ардын хувьсгалт намд 1936 онд гишүүнээр элсэн, УИХ-ын Депутат, МАХН-ын 17, 18-р их хурлын төлөөлөгч, Монголын Багш нарын III, IV, V хуралд төлөөлөгчөөр сонгогдсон аж. Түүний гавьяа зүтгэлийг төр засаг, түмэн олон нь өндрөөр үнэлж, дэд профессор цол, Ардын хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон болон 1946 онд 35 настайд нь БНМАУ-ын Гавьяат багш, 1981 онд БНМАУ-ын анхны Ардын багш цолоор шагнажээ. Түүний ажилдаа үнэнч зүтгэдэг сэтгэлээсээ ханддаг төрмөл чанар, төрөл бүрийн шат дамжлагын мэдлэг боловсрол амжилтынх нь үндэс болов уу. Тэрээр 1982 онд өндөр насны тэтгэвэрт гарсан байна. Энэ их үйлсийг амжилтай гүйцэтгэнэ гэдэг хэр баргийн эмэгтэй хүнээс гарамгүй их зориг, тэвчээр билээ.
У.ТҮВШИНБАЯР
Талын Түрлэг Бүлгэм
Tuvshinbayar Tuvshee