Монгол Улсад олноор ирж байгаа ОХУ-ын иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр дараах мэдээллийг eagle.mn сайтад дараах мэдээллийг өгчээ.
Түүний мэдээллийг тоймлон хүргэе.
- Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно.
- Дээрх хугацаа дуусан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад ТҮР хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна.
- Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад ТҮР оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаад байна.
- Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно.
- Оршин суух зөвшөөрөл олгохоос өмнөх хяналт шалгалтын чиг үүрэг ч давхар явагдана. ТҮР оршин суух хүсэлт өгсөн тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг судалж, нарийн процессын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр ТҮР оршин суух зөвшөөрөл олгоно. Жишээ нь, Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, суралцах төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарна.
- Гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, АЛБАДАН ГАРГАХ эрх нь бидэнд бий.