“Дарханы арьс ширний цогцолбор” бүтээн байгуулалтыг тойрсон дуулиан сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг ихээхэн татаж буй.
Тэгвэл хэд хоногийн өмнө тус компанийн зүгээс ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлиагтай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн байна. Тодруулбал, дээрх албан тушаалтнуудыг Засгийн газрын 185, 234 дүгээр тогтоолууд, компанийн дүрэм болон холбогдох хууль тогтоомжид заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүйгээр үл барам төслийн дэд бүтцийг гацааж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд “Дарханы арьс ширний цогцолбор” төсөлтэй ижил төрлийн үйлдвэр барьж, хууль бус тендер зарлаж байгаа асуудлыг шалгуулахаар өгчээ.
Мөн ижил төстэй үйлдвэр гэгдэж буй УИХ-ын гишүүн С.Даваасүрэнгийн лоббигоор баригдах гэж буй “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Гансүхийг шалгуулах хүсэлт гаргасан аж.
Ц.Гансүхийн тухайд өмнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд С.Даваасүрэнгийн томилуулсан ойрын хүн нь гэгддэг. Уг гомдолд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор 2018 онд “Дархан Арьс ширний цогцолбор” ХХК-г байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан суманд 180 га газарт Дархан арьс ширний цогцолбор төслийн бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн болон шугам сүлжээний ажлууд, барилга байгууламжийн ажлууд явагдаж байсан юм.
Одоогийн байдлаар төслийн үндсэн таван дэд бүтцийн ажил нийт 47 хувийн гүйцэтгэлтэй ба уг дэд бүтцүүдээс гадна бүтээн байгуулалтууд хийгдсэн бөгөөд нийтдээ 54.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил боссон байгаа бөгөөд үүнийг “Дархан Арьс ширний цогцолбор” ХХК нь Хөгжлийн банкны зээл болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явж байсан билээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай” 185 дугаар тогтоолоор Дархан арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (ДАШЦББ ТӨХХК)-ийг байгуулж, тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ыг тогтоосон байдаг.
Дараа нь Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “ДАШЦББ ТӨХХК-ийн Дүрэм батлах тухай” 234 дүгээр тогтоолоор баталсан “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн Дүрмийн Тав дахь хэсгийн 5.1-д Компанийн үндсэн зорилт нь Дархан арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцаж, цогцолборт байгаа үйлдвэрлэгчдийг дэд бүтцээр тасралтгүй, найдвартай бүрэн ханган, эдийн засгийн үр ашигтай ажиллуулах гэж заажээ. Өөрөөр хэлбэл ДАШЦББ ТӨХХК нь манай компаний хэрэгжүүлж байгаа төсөл дээр дэд бүтэц л барих үүрэг, чиглэлтэй ТӨХХК болохоос биш өөр үйл ажиллагаа явуулах эрхгүй хуулийн этгээд юм.
Гэтэл ХХААХҮЯ хувьцааг нь эзэмшдэг ДАШЦББ ТӨХХК нь Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлж, Дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу Дархан арьс ширний цогцолбор төслийн “дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил”-г гүйцэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд улмаар 2021 оноос уг төслийн ажил зогсоход хүрч, төсөлд зарцуулсан Хөгжлийн банкны зээл болон төсөл дээр ажиллаж байсан туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэж байсан ажлуудыг зогсоож, тэдгээрт төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэж, бидэнд ихээхэн хэмжээний хохирол учраад байна” гэжээ.