Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 3 их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 312 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ.
Тус компани энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй, ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна. Улмаар зөвлөл гомдлыг хэлэлцэн, нөхцөл байдлыг шалган тодруулах ажиллагаа нь бидний магадлан судлах боломжоос хэтэрсэн хэмээн үзэж, дээрх татварын актыг түдгэлзүүлжээ.
Уг асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Татвар тавьж барьцтай болно. Татварын маргаан үүсгэж барьцаа ахиулна. Татварыг цуцалж “уучлал” үзүүлнэ. Татварын гэмт хэрэг, зөрчлийг Прокуророор хянуулахгүй өөрсдөө шийднэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнга саад болдог. Авлигаа хянуулахгүй, өөрөө шийдэх л амбиц байгаа шүү дээ цаана нь.
Тэрбээр Сангийн сайд Б.Жавхланд асуулга тавьлаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус асуулгадаа “Татварын маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрүүд, татварын гомдол маргаан үүсгэсэн болон шийдвэрлэсэн байдал, шийдвэрлэхэд үндэслэл болгодог дүрэм журмууд, 100 сая төгрөгөөс дээш дүнтэй татварын актууд, тэдгээрийн шийдвэрлэлт, хэрэгжилтийн байдлыг 2016 оноос хойш өнөөдрийн байдлаар дэлгэрэнгүйгээр, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д тавьсан акт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хуралдааны тэмдэглэлүүд болон гарсан шийдвэрүүд зэрэг болно” гэжээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Б.Энхбаяр аа татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААН-үүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын маргалдах шалтгаан нь 2018 онд Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байсантай холбоотой бололтой.